Прокурорын байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрөөс 16 -ны өдрүүдэд болж, өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү сургалт, зөвлөгөөнд монгол Улсын ерөнхий прокурорын орлогч, туслахпрокурорууд, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах, Аймаг, Нийслэл,Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцож,прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах,зөрчил шалган шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.
2018 онд хийсэн ажил, үйл ажиллагаандаа өгсөн үнэлэлт, дүгнэлт, ард иргэд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос нийгмийн шударга ёсны байдал, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гаргаж буй гомдол, санал, хүсэлт зэргийг харгалзан Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын байгууллагын манлайллын жил болгох” уриан дор 4 чиглэлээр зорилт дэвшүүллээ. Үүнд:
1. Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх, дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах.
2. Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах.
3. Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх.
4. Прокурорын хараат бус байдал, хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг ханган сайжруулах, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтуудыг дэвшүүллээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгснөөр, өндөрлөлөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба