Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна.
Хамтарсан уулзалт зөвлөгөөнөөр Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх, дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас 2018 оны жилийн эцсийн мэдээгээр гарсан урьд оны мөрдөн байцаалтын үлдэгдэл болон түдгэлзүүлсэн хэргүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шалгуулж, энэ оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх “Эрчимжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний удирдамжийг танилцуулан, тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудаас аяны хүрээнд шийдвэрлэх хэргүүдийн судалгааг гарган, хэргүүдийг төлөвлөгдсөн хугацаанд шуурхай шалгуулж, шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, үр дүнг гарган ажиллах талаар хэлэлцжээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоон ирүүлсэн хэргүүд болон бусад дүүргийн прокурорын газруудаас харьяаллын бус мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр ирүүлсэн даалгаврын мөрөөр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүн, цаашид хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа болон анхаарах асуудлын талаар хэлэлцэж, мөрдөгч нарын ажлыг хэсэг байгуулан дээрх хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба