Завхан аймгийн прокурорын газар нь тус аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран “баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх зөрчлүүдээс хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор” 2019 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй 115 аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан байна.
Тус хяналт шалгалтын үеэр нийт 300 орчим зөрчил илрүүлж, 4 аж ахуй, нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгээр шийтгэл оногдуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 1 байгууллагын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоосон ба хил нэврүүлэх журам зөрчиж, хууль бусаар худалдан борлуулсан 1.700.000 төгрөгний согтууруулах ундаа, тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан 300.000 төгрөгний утаат тамхи, хадгалах хугацаа дууссан, хаяг, шошгийн зөрчилтэй 3.200.000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг тус тус хураан авч, тус аймгийн Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэнд нь хяналт тавих чиг үүрэг бүхий Аймаг, сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлэн ажилласан байна.
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар “Хүнс”-ний чиглэлээр үйл ажиллааг явуулж буй дээрхи 115 аж ахуй нэгжийн төлөөллийг хамруулан хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан ба тус зөвлөгөөний үеэр хууль хяналтын байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар мэдээлэл бэлтгэн танилцуулж, цаашид зөрчил дутагдалгүй, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Тус зөвлөгөөнөөс “Хүнс”-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдэд “Хүнсний аюулгүй байдал, галын аюулгүй байдал, худалдагч нарыг бэлтгэх” 3 өдрийн сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба аймгийн Онцгой байдлын газраас “Зөвлөмж”, Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хугацаатай “Албан шаардлага”, аймгийн прокурорын газраас “Прокурорын мэдэгдэл” бичиж зарим аж ахуй нэгжүүдэд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба