Дархан-уул аймгийн Прокурорын газраас санаачилан тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтарсан нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Энэ удаагийн зөвлөгөөнд прокурор, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн нийт мөрдөгч, алба хаагчид бүрэн оролцлоо. Хамтарсан зөвлөгөөнийг Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуу нээн, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, удирдах ажилтны зөвлөлгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулав. Зөвлөгөөний үеэр -хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр хийсэн ажил цаашид анхаарах зүйл, хамтын ажиллагааны талаар: Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Х.Баярмаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийсэн ажлын үзүүлэлтүүд, цаашид сайжруулах талаар авч хэрэгжүүлбэл зохих асуудлын талаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Болормаа нар мэдээлэл хийхийн зэрэгцээ Цагдаагийн газрын тасгийн дарга нар өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр тус тус мэдээлэл хийн, мэдээлэл ажлын үзүүлэлттэй холбогдуулан оролцогчид харилцан санал солилцон, 2019 онд дараахь зүйлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:
1.Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, Аймгийн цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2018 оны үлдэгдэл хэргийг 2019 оны эхний 2 сард багтааж шийдвэрлэх “Аян” зохион байгуулж, үр дүнг 7 хоног бүрийн “баасан” гаригт дүгнэн, хэргийг нэг мөр шийдвэрлэж дуусгах,
2.Хэрэг бүртгэлтийн хэргээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх боломжтой, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тодорхой хэргийн судалгааг шинэчлэн гаргаж, дээрх хэргүүдийг шийдвэрлэх талаар прокурор Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг тус бүр тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүн гаргах,
3.2019 онд Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтын нэг болох “хүрээлэн байгаа орчны эсрэг”, “мансууруулах бодистой холбоотой” гэмт хэрэг, зөрчлийг 2019 оны 1 дүгээр улирлад багтаан шийдвэрлэж дуусгах талаар мөн зохион байгуулалтын арга хэмжээ авах.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төр, захиргаа, хууль сахиулах болон төрийн бус байгууллагуудын ажлыг оновчтой уялдуулан зохион байгуулж хамтарч ажиллах зэрэг шийдвэр гарган, хэрэгжилт, үр дүнг дараагийн хамтарсан зөвлөгөөн дээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ.Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба