Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, прокурорууд зэрэг 21 хүнийг хамруулсан ажил хэргийн уулзалт- зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалтаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэх практик тогтоох үүднээс хууль хэрэглээний маргаантай, нэг мөр ойлголтонд хүрээгүй байгаа ойлголтуудаас улсын яллагч тэнсэх санал гаргах эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2, 12.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд хохирогчид хөнгөн гэмтэл учруулж үйлдсэн бол давхар зүйлчлэх эсэх, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх улсын яллагчийн яллагдагчтай тохирсон ялын хэмжээнээс дээгүүр ял оногдуулах нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудаар санал солилцжээ.
2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүн, доголдож буй асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлбэл зохих ажил, арга хэмжээний талаар ярилцаж, тухайлбал тус аймгийн шийдвэр гүцэтгэх газрын харъяа, нэгжгүй Орхон, Хонгор, Шарын гол сумдад байнга оршин суудаг иргэнд шүүхээс Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ялын биелэлтийг хангахад хүндрэлтэй байгаа тул тухайн ялтны оршин суух газарт нь ялыг эдлүүлэх талаар улсын яллагч санал гаргах, шүүх үүнийг харгалзан шийдвэрлэж байх, мөн зөрчлийн хэргийг эрүүгийн журмаар хянан шийдэрлэхэд шүүх хуралдаан бүрт прокурор оролцох эсэх, шаардлагатай тохиолдолд прокурор оролцож байх зэрэг болон бусад асуудлаар тохиролцоонд хүрч, уулзалт үр дүнтэй боллоо. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба