Тус прокурорын газар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр 2018 оны 1 дүгээр сард Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн этгээдүүдийн ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий ашиглах, аюулгүй байдлыг хангах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулж буй эсэхийг шалгасан болно. Шалгалтын хүрээнд 2 иргэний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгж, иргэнд гал түймрийн хяналтын улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 1 аж ахуйн нэгж, 1 иргэнд гал түймрийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах мэдэгдэл, 2 аж ахуйн нэгжид зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл тус тус бичиж хүргүүлэн ажиллаа. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд анхаарвал зохих асуудлын талаар” зохион байгуулсан сургалтанд оролцож, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг шалгах үйл ажиллагаа, прокурорын хяналт” сэдвээр, 2019 оны 2 дугаар сарын 1-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран тус дүүрэгт хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил, зөрчил гаргагчдад хүлээлгэх шийтгэлийн талаар тус тус сургалт, мэдээлэл хийлээ. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба