Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэг мөр ойлгож явуулах хүрээнд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээд Сум дундын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Баасандорж, хяналтын прокурор Ч.Батзориг, туслах ажилтан Х.Берекбол, ОХБЦГХЗ-ны дарга Г.Банди, тус захиргааны байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, тус аймгийн Бат-Өлзий, Хужирт сумдын байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, Бат-Өлзий сумын Ойн анги, тус сум дахь цагдаагийн хэсгийн бие бүрэлдхүүн, Ойн нөхөрлөл болон модон бүтээгдхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
Уг хэлэлцүүлгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нутагт мод бэлтгэх эрхийн бичиг олгож буй байдал, мод бэлтгэх үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих, сумдын болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид, сумдын байгаль хамгаалагчид хэрхэн хамтран ажиллах, тэдний ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрлээ. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Архангай аймгийн Хашаат, Хотонт зэрэг сумдын нутагт 364 538 га газрыг хамардаг байна. Энэхүү өргөн уудам бүсэд тус газрын байгаль хамгаалагчид, улсын байцаагчид тархмал байдалтайгаар суурин сууж ажилладаг ажээ. Энэ үеэр тус прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн процесс ажиллагааг тодорхой бодлого, кейст тулгуурлан практик сургалт явуулсны зэрэгцээ мод бэлтгэх эрхийн бичигт тусгах зүйл, Байгаль орчны сайдын “Эрхийн бичиг олгох, хяналт тавих” журмаар танилцуулга хийж, зөвөлгөө өгч ажиллаа. Мөн Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалтын газар, бүс, нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгэх, тээвэрлэсэн зэргийг шалгалтын явцад илрүүлсэн тухайгаа, мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчид нөхөж олгож буй зэрэг асуудлаар тодорхой жишээ, баримттай танилцуулсан байна.Зохион байгуулж буй газруудаас “Ойн тухай” хуульд тусгагдасны дагуу ойн нөхөрлөлийн гишүүнчлэлийн бүртгэлийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч цаашид ойгоос мод бэлтгэхдээ технологийн горим, төрөл, хэмжээ зөрчихгүй байх, хууль бусаар мод бэлтгэхгүй байх, түүнтэй тэмцэх талаар үүрэг чиглэл өглөө. Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба