Баян-Өлгий аймгийн прокурорын газар, аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нийт эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан сургалт-зөвлөгөөн зохион байгуулав. Прокурор, мөрдөгч нарын хамтарсан сургалт-зөвлөгөөнд нийт мөрдөгч, прокуроруудаас гадна аймаг дахь Цагдаагийн газрын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батхүү, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал нар оролцов. Хамтарсан сургалт-зөвлөгөөнийг нээж Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх нээж үг хэлсний дараа хөтөлбөрийн дагуу аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр 2018 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, аргачилсан зааврын хэрэгжилт, Улсын Ерөнхий прокурорын газраас өгсөн, үүрэг чиглэл, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарвал зарим асуудал, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга х/ч Н.Дарханбаяр Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргүүдийн шийдвэрлэлт, ахлах прокурор А.Еркегүл Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэрэг сэдвээр тус тус мэдээлэл тавив.
Түүнчлэн Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаанд тавих прокурорын хяналт, Шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журмын хэрэгжилт, 2018 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргүүдэд гарсан зөрчил зэрэг сэдвүүдээр прокурорууд тус тус сургалт явуулав.
Прокурор, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хийсэн сургалт-зөвлөгөөнд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас гадна эргүүлийн цагдаа, цагдаагийн зохицуулагч нар бүрэн хамрагдав.
Зөрчлийн эрх бүхий албан тушаалтнуудтай хийсэн сургалт зөвлөгөөнөөр хяналтын прокурор Б.Ботакөз 2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр аймгийн прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, аргачилсан зааврын хэрэгжилт, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахаар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал сэдвээр тус тус тасгийн дарга нар мэдээлэл тавьж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Хамтарсан сургалт-зөвлөгөөнийг хааж Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүх прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч, дараагийн хамтарсан сургалт-зөвлөгөөнийг Цагдаагийн байгууллага хариуцан зохион байгуулахаар боллоо. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба