Дундговь аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/168 дугаартай тушаалаар батлагдсан “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт”-анд дурдагдсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ.Аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророос нийтэд тустай ажил хийлгэх ялыг үр нөлөө, онцлогын талаар мэдээлэл хийж,үүрэг чиглэл өгсөн байна.
Хамтарсан уулзалтаар шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтны мэргэжил ур чадварыг харгалзан үзэж зөвхөн нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.8 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчээс нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлт хийж байгаа ажлыг 7 хоног тутам биечлэн шалгаж, танилцан, ажиллуулж байгаа байгууллагаас ялтны хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид 7 хоног тутам тогтмол мэдээлэх үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг шаардах, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалт”-анд заагдсан холбогдох байгууллагуудад дахин албан бичиг хүргүүлж, холбогдох ажлын саналыг сар бүр авч байх, нийтэд тустай ажил хийлгэх ажлын саналаа сар бүр ирүүлж байхаар шийдвэрлэсэн байна. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба