ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ
(Монгол, Франц Улсын эрүүгийн процессын жишээн дээр)
COMPARATIVE STUDY OF CRIMINAL VICTIM-OFFENDER MEDIATION
(Example of the criminal procedure of Mongolia and France)
Товч агуулга. Монгол Улс нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалыг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр[1]-өөс эхлэн нутагшуулсан билээ. Гэхдээ эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн зохицуулалтыг огт хөндөөгүй бөгөөд өнөө хэр эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын талаар судалж, нутагшуулах эсэх талаар яригдаж, хэлэлцэгдээгүй байна. Иймд энэхүү сэдвийг судлах, судалгааны эргэлтэд оруулах, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн эвлэрүүлэн зуучлалыг нутагшуулах эсэх талаар тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэн тавихад оршино.
Abstract. Mongolia has been introduced to mediation in the civil case proceeding since April 15, 2013 aiming at the non-judicial settlement of the legal disputes. However, the legal grounds of the criminal victim-offender mediation has been never raised until now no research has been on the criminal victim-offender mediation and no discussion and debate have been taken place on introducing the criminal victim-offender mediation. That being the case, the abstract is to resume the research on criminal victim-offender mediation and conduct further research on this subject matter, and to propose certain opinions and conclusions whether to introduce the victim-offender mediation in the criminal case proceedings.
Эрүүгийн (хэргийн) эвлэрүүлэн зуучлал[2].
Эрүүгийн процессын хуулийн 41-1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал нь гэмт хэргийн төрөл дэх жижиг (хөнгөн) хэргүүд[3] (хөршүүд, нэг гэр бүлийн гишүүд болон нэг үйлдвэр, компаний ажилчдын хооронд үүссэн хэрэг, зөрчил...)-ийг шийдвэрлэх арга замуудын нэгд тооцогдох бөгөөд ингэхдээ хохирогч, хэрэгтний хооронд хэлэлцэж тохиролцсон шийдэл юм. Бүгд Найрамдах Улсын прокурор[4] нь энэхүү эвлэрэл (шийдэл)-ийг нийтийн яллагааг хэрэгжүүлэх (яллах) шийдвэр гаргахаас өмнө шийдвэрлэнэ. Бүгд Найрамдах Улсын прокурор, түүний төлөөллийн удирдлаган дор эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал явагдаж, амжилттай явагдсан тохиолдолд (талууд эвлэрсэн) тэмдэгдэл үйлдэгдэн талуудад хуулбарыг нь хүргүүлнэ.
Médiation pénale[5]. Art. 41-1 C.P.P.
Considérée comme un mode de réponse à la petite délinquance (conflits entre voisins, entre membres d`une même famille, entre employés d`une même entreprise...), la médiation pénale est une solution négociée entre le délinquant et la victime. Elle est décidée par le procureur de la République préalablement à sa décision sur l`action publique. Conduite par le procureur de la République ou son délégué, elle donne lieu, en cas de réussite, à l`établissement d`un procès-verbal dont une copie est remise aux parties.
Victim-offender mediation[6]. Art.41-1 C.P.P.
Considered as a mode of answer to low-level crime (conflicts between neighbours, between members of a same family, between employees of a same company...), victim-offender mediation is a solution negotiated between the delinquent and their victim. It is decided by the public prosecutor before their decision related to public prosecution. Handled by the public prosecutor or their representative, it leads to, if successful, the drafting of a notice a copy of which is given to the parties[7].
Түлхүүр үгс. Эрүүгийн процесс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, альтернатив журам, эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал[8], нийтийн яллагаа, яллах тал, прокурор, прокурорын дэргэдэх эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч, хохирогч, яллагдагч.
Keywords: Criminal procedures, criminal case proceedings, criminal victim-offender mediation, public action, prosecutor, prosecution, mediator under prosecutor’s office, advocate, victim, accused.
УДИРТГАЛ
Монгол Улс, Франц Улс нь эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх журмыг эрүүгийн процессын төрөлжсөн хуулиар[9] зохицуулж өгсөн байдаг. Хоёр улс нь нэг эрх зүйн бүлд багтдаг болохыг энэхүү төрөлжсөн хуулийн зохицуулалт харуулж байна. Франц Улс нь дэлхий дахинд анхлан эрүүгийн болон эрүүгийн процессын хуулийн кодификаци (төрөлжүүлэлт) хийсэн анхдагч улс юм.
Монгол Улсын эрүүгийн процессын төрөлжсөн хуулийн үүсэл хөгжлийн он тоолол нь Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1935 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “БНМАУ-ын Аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль” батлагдан гарснаар эхэлж[10], Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр зарлигаар батлагдсан “БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль”, 1963 оны “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль” зэргээр шинэчлэгдэн өөрчлөгдөж, цааш нь орчин үеийн ардчилсан нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж ирсэн байна.
Харин Францын Улсын 1670 оны 8 дугаар сарын Сайн Жерман Ен Лау-ийн ордоннонсе[11](фр:Оrdonnance de Saint Germain en Laye d’août 1670, ou ordonnance criminelle de 1670, англ:Criminal Ordinance of 1670) нь Францын төдийгүй дэлхий дахины анхны эрүүгийн процессын төрөлжсөн хууль байсан бөгөөд 1795 оны 10 дугаар сарын 25-ны Гэмт хэрэг, ял шийтгэлийн хууль (фр:Code des délits et des peines du 25 octobre 1795, англ:Code of Offences and Penalties), 1808 оны гэмт хэргийн мөрдөн байцаалтын хууль (фр:Code d'instruction criminelle de 1808, англ:The Code of Criminal Procedure of 1808) буюу Наполеоны 1808 оны эрүүгийн процессын хууль[12] зэргээр тус улсын эрүүгийн процессын хуулиуд нь залгамжлан хөгжиж ирсэн байна. Энд дурдсан ордоннонсе болон түүний дараах хоёр удаагийн эрүүгийн процессын хуулиудын аль аль нь дэлхийн анхдагч эрүүгийн процессын төрөлжсөн хуулиуд байв[13]. Франц Улс нь Монгол Улсыг бодвол хэдэн зуун жилийн өмнөөс эрүүгийн процессын төрөлжсөн хуулиа батлан гаргаж ирсэн баялаг түүх, өв уламжлалтайг дээрх хууль тогтоомжуудын үүсэл, хөгжлийн он тооллоос тодорхой харагдаж байна.
Одоогоор Монгол Улсад 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх хууль нь 2017 оны 5 дугаар сарын 18–ны өдөр УИХ-иар шинэчлэн батлагдаж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”[14] гэсэн шинэ нэршлээр мөрдөгдөж буй бол Франц Улсад 1808 оны эрүүгийн процессын хууль нь 1958 онд шинэчлэн батлагдаж, 1958 оны “Эрүүгийн процессын төрөлжсөн хууль” (фр:code de procédure pénale de 1958) мөрдөгдөж байна. Эдгээр хоёр улсын эрүүгийн процессын төрөлжсөн хуулиудаар прокурор эрүүгийн хэргийг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж буй эсэх, хэрхэн шийдвэрлэж буй талаар харьцуулан судалъя.
ҮНДСЭН ХЭСЭГ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор мөрдөн байцаалт явуулсан хэргийг хянаад шийдвэрлэх хэд хэдэн арга зам тусгагдсан боловч уг хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “хэргийг хэрэгсэхгүй болгох”, 2.7-д зааснаар “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх” гэсэн үндсэн хоёр зам л тусгагдсан байна. Эдгээр зүйл, заалтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорт эрүүгийн хэргийг шийдвэрлэх хоёрхон замыг зааж өгчээ гэж шууд дүгнэж болно[15]. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гурав дахь зам буюу альтернатив журмаар болон энэхүү журамд хамаарах эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын замаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт одоогоор манай улсад байхгүй байна.
Гэтэл Франц Улсын эрүүгийн процессын хуулийн 40-1 дүгээр зүйлд Бүгд Найрамдах Улсын прокурор [16] нь өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд татаж яллах,
2. Уг хуулийн 41-1, 41-1-2, 41-2 дахь зүйлүүдэд заасан диспоци-ийг хэрэглэн мөрдөн шалгахдаа альтернатив журмыг хэрэглэх,
3.Гэмт үйлдлийн тогтоогдож буй тусгай нөхцөл байдал, шинжээс шалтгаалан мөрдөн байцаалтыг ажиллагааг зогсоох (хэргийг хаах) зэрэг байдлаар тухайн ажиллагаа, мөрдөн байцаалтын үр дүнгээс хамааран цаг тухайд нь хэрэгт нь тохируулан шийдвэрлэхээр зааж өгсөн байна (фр:le procureur de la République territorialement compétent décide s'il est opportun :1° Soit d'engager des poursuites; 2° Soit de mettre en oeuvre une procédure alternative aux poursuites en application des dispositions des articles 41-1, 41-1-2 ou 41-2; 3° Soit de classer sans suite la procédure dès lors que les circonstances particulières liées à la commission des faits le justifient)[17].
Мөрдөн шалгаж шүүхэд татах[18] ажиллагааг явуулах (фр:déclencher des poursuites) нь онц хүнд гэмт хэрэг (фр:crime)-ийг шүүхийн мөрдөн байцаалтад шилжүүлэх, ердийн гэмт хэрэг (фр:délit) болон жижиг, хэрэг зөрчил[19](фр:contraventions)- ийг тус тусын шүүхэд шилжүүлэх замаар, прокурорын чиг үүргээр дамжин хэрэгжинэ.
Альтернатив журам [20] (фр:procédures alternatives) хэрэглэх нь эрүүгийн хэргийг сонголттой нөхцөлөөр шийдвэрлэх журам бөгөөд энэ нь эрүүгийн (хэргийн) гурав дахь зам (фр:troisième voie pénale) гэж нэрлэгддэг байна. Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Улсын прокурорын гурав дахь зам (фр:troisième voie du Procureur de la Republique)-аар буюу альтернатив журмын хүрээнд “эвийн дүрэм” (фр:règlement amiable)-ээр эрүүгийн хэргийг прокурор шийдвэрлэдэг ажээ. Альтернатив журам нь 3 төрөл, хэлбэртэй бөгөөд зөвхөн прокурорын бүрэн эрхэд хамааралтай ба түүгээр дамжин хэрэгжинэ.Үүнд:
1. Рапэл а ла лва буюу хуулийн сануулга (фр:rappel à la loi, анг:informal warning).
2. Композици пэналь ба эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэлт буюу шүүхээс гадуурхи шийтгэл (фр:compostion pénale, анг:out-of-court settlement in criminal matters).
3. Медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн эвлэрлүүлэн зуучлал (фр: médiation pénale, англ: victim-offender mediation)[21] юм.
Эдгээр гурван төрлөөс эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг тусгайлан судалж байна.
Медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал[22].
Медиаци пэналь нь нэг л төрлийн альтернатив арга хэмжээ бөгөөд хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, хоёр талыг эвлэрүүлэх боломжийг олгодог байна. Энэ нь хохирогч, холбогдогч нарын хооронд харилцан найрсаг байдал бий болж, тэдний зөвшилцлийн үр дүнд хэрэгждэг. Гэхдээ хоёр талын эвлэрэл нь прокурорын дэргэдэх болон прокуророос зөвшөөрөл авсан дундын эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар явагдаж, эвлэрүүлэн зуучлалын эцсийн шийдвэрийг прокурор гаргадаг байна. Үүний процесс ажиллагаа нь прокурор эрүүгийн хэргийг хянаад медиаци пэналь хэрэглэх эсэхийг шийдсэнээр эхэлнэ. Энэхүү арга хэмжээг хэрэглэх зорилго нь:
Тухайн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, тодорхой байдлаар үйлдэгдсэн, энгийн гэмт хэрэг байх бөгөөд гэмт явдлын элемент, бүрдэл бүрэн хангагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэдэг. Бүгд Найрамдах Улсын Прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачилгаар болон хохирогчийн болон хоёр талын хүсэлтийн дагуу хэрэгжүүлж болно. Эвлэрүүлэх арга хэмжээ прокурорын байгууллагаас гадна прокурорын хяналт, зөвшөөрлийн дор хүний эрхийн болон Шүүх яамны салбар, холбоо, нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага дотор явагдаж болно. Аль тохиолдолд ч эвлэрүүлэн зуучлагч[28] (фр:médiateur penal)-ийн тусламжтайгаар явагдана. Прокурор тухайн эрүүгийн хэрэгт эвлэрүүлэн зуучлал явуулахаар шийдвэл эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлагчдад явуулахыг даалгаж зөвшөөрдөг байна.
Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлагч (фр:médiateur penal) нь прокурорын эвлэрүүлэн зуучлагч (фр:médiateur du procureur), прокурорын төлөөлөгч (фр:délégué du procureur), шүүхийн цагдаагийн офицер буюу мөрдөн байцаалт явуулах эрх бүхий офицер (фр:officier de police judiciaire) эсхүл нийгмийн аюулаар их биш гэмт явдалд эвийн дүрмийг хөнгөвчлөх зорилгоор Бүгд Найрамдах Улсын прокурорын эрх олгосон хувь хүн, нийгэмлэг (фр:Le médiateur pénal est une personne physique ou une association habilitée par le procureur de la République pour faciliter le règlement à l'amiable d'une infraction pénale de faible gravité) байна.
Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал нь цааш эрүүгийн эвлэрүүлэн зуучлагч (фр:médiateur penal)-ийн санал болон хоёр талын аль нэгний хүсэлтээр хувьчилсан уулзалтын хэлбэрээр үргэлжлэн явагдах бөгөөд энэхүү санал, хүсэлтийн ажиллагаа эхлэхдээ гурван талын аль нэгний урилгын дагуу эхлэх боловч талууд ирэхгүй бол зуучлагч эсхүл прокурорын төлөөлөгч хавтаст хэргийг прокурорт хүргүүлнэ. Хоёр тал урилга, хүсэлтийг хүлээн авч, уулзалт хийж, эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар дундын найрсаг тохиролцоонд буюу шийдэлт хүрэх ёстой. Тухайлбал, уучлалтад хүрэх, эрх ашиг болон хохирлын дүн, түүний шилжүүлэгийн (хэдэн удаа ямар хэмжээтэйгээр шилжүүлэх) талаар тохиролцоонд хүрэх явдал юм. Талууд хүсвэл өмгөөлөгч[29] нараа байлцуулах эрхтэй. Эвлэрүүлэн зуучлал амжилттай явагдвал хоёр тал тэмдэглэл (протокол) үйлдэж, прокуророор баталгаажуулна. Эвлэрүүлэн зуучлал нь үр дүнд хүрсэн тохиолдолд прокурор хэргийг хаах эцсийн шийдвэрийг гаргана. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч прокурорт мэдэгдэж, прокурор хэргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүхэд татах (шилжүүлэх) эсхүл хэргийг хаах эсэхийг шийднэ[30].
Франц Улсад эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал нь 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар эрүүгийн процессын институт болон хуульчлагдсан бөгөөд 2004 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн шинэчилсэн байна (фр:En France, la médiation pénale a été institutionnalisée par la loi du 4 janvier 1993 et modifiée par la loi du 9 mars 2004)[31]. Тус улсад эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалаас гадна иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлал[32](фр:médiation civile), худалдааны хэргийн эвлэрүүлэн зуучлал (фр:médiation commerciale) өндөр түвшинд хөгжжээ.
Тус улс нь эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг анх нутагшуулахын өмнө 1983 онд хохирогчийг хамгаалах бүтэц (байгууллага)-ийг Парис хотод байгуулж, юун түрүүн тэднийг хүлээн авах, сонсох, зөвлөх зэргээр чиглүүлэх байдлаар ажлаа эхлүүлжээ. Тэрхүү мөчид эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын талаарх туршлагыг судлахаар магистрат[33]Жак Верин (Jacques Vérin) АНУ руу явсан гэдэг. Энэ цаг үеэс эхлэн хэсэг судлаачид болон сайн дурынхнаас нэдсэн групп Парис I их сургуулийн хуулийн антропологийн лабораторийн захирал, профессор Этьене Лерой (Étienne Leroy) –гийн удирдлаган дор хохирогчдийг хамгаалах, тэдний зуучлалын өмнөөс гомдол хүсэлтийг Парисын прокурорын газарт тавьж эхэлжээ. Францад 1987, 1988 онуудад хохирогчдийг хамгаалах хоёр ч нийгэмлэг холбоод байгуулагдсан ба нэг нь эвлэрүүлэн зуучлалын үндэсний төв (фр:Centre National de la Médiation) гэж нэрлэгдсэн байна. Энэ төв нь Парисын прокурорын газрын дэргэд эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал явуулах, энэ талын туршлага хуримтлуулах зэргээр практик ажлыг хийж байжээ. Франц Улс дахь эрүүгийн эвлэрүүлэн зуучлал эхэлсэн товч түүх ийм ажээ.
Харин Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын талаарх зохицуулалт хуульчлагдаагүй бөгөөд энэ төрлийн зохицуулалттай дүйцэх, зарим шинжийг нь агуулсан эрх зүйн зохицуулалт манай улсын эрүүгийн процессын хууль тогтоомжийн уламжлалд байсан эсэх талаар судлан авч үзье.
БНМАУ-ын 1949 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Хохирогсдын гомдлоор үүсгэн явуулагдах хэрэг дээр гэмт этгээд нь хохирогсодтой хоорондоо эвлэрвэл...”[34] хэрэгсэхгүй болгох нэг шалтгаан (үндэслэл) болохоор зааж өгөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг анх хуульчилсан байна.1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29-р зүйлийн “Хохирогчийн гомдлоор үүсгэх эрүүгийн хэргүүд”[35] гэсэн зүйлийн хэсэгт: “БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 76-р зүйл, 77-р зүйлийн “а”, 92 –р зүйлийн “а”, 93-р зүйлд дурдсан гэмт хэргийг зөвхөн хохирогчийн гомдлоор үүсгэх бөгөөд хэрэв хохирогч нь яллагдагчтай эвлэрвэл уг хэргийг хэрэгсэхгүй болгоно. Тэгэхдээ таслан шийдвэрлэх тогтоол гаргахаар шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө эвлэрсэн байвал зохино...” гэж заажээ.
Мөн 2002 оны шинэчлэн найруулсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйл буюу “Хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно”[36] гэж зааснаар гурван удаагийн эрүүгийн процессын хуульд Франц Улсын эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалтай дүйцүүлж болох, түүний зарим шинжийг хадгалсан хэм хэмжээнүүд тусгагдаж байсан байна.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагчтай мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд эвлэрвэл прокурор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд энэ талын тоон мэдээг 2014, 2015, 2016 онуудын бүтэн жил, шинэ хууль хэрэгжихээс өмнөх 2017 оны эхний хагас жилийн байдлаар авч үзье.
Прокурор 2014 онд 40 683 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллахдаа 19 913 хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс 9 569 эрүүгийн хэргийг эвлэрснээр, 2015 онд 42 130 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллахдаа 21 159 хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс 8 502 эрүүгийн хэргийг эвлэрснээр, 2016 онд 41 413 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллахдаа 21 712 хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс 10 197 эрүүгийн хэргийг эвлэрснээр, 2017 оны эхний хагас жилд 22 468 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллахдаа 8 841 хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс 4 465 эрүүгийн хэргийг эвлэрснээр тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ[37]. Эндээс харвал дунджаар жилийн 10 000 орчим хүн: 2017 оны шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” эсэхээс ч үл хамааран шүүхээр “Бүгд Найрамдах” –аа уншуулж, торгуулийн ялаар шийтгэгдэн, хэдий ялтай байдал байхгүй болсон ч шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн эгнээнд орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр торгуулийн ялаар шийтгэгдсэн ялтан болоод, төрийн албанд орох эрхээ хасуулаад явж байна. Энэхүү ажиллагаанд ч прокурор ял эдлүүлэх хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтаа тавиад явж байгаа билээ.
Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эвлэрснээр хэрэгсэхгүй болгох эрх зүйн хэм хэмжээнүүд нь Франц Улсын Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын талаарх эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээнүүдтэй адил болон ялгаатай зарим шинжүүдийг дараах байдлаар ялган үзэж болох юм. Үүнд:
1.Нийгмийн аюулаар бага буюу хөнгөн гэмт хэрэгт хэрэглэдэг,
2.Хохирогч, хэргийн холбогдогч этгээдтэй эвлэрдэг,
3.Анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэдэг,
4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулдаг,
5.Прокурор шийдвэрлэдэг зэрэг шинжээрээ адил байна. Харин дараах шинжээрээ ялгаатай байна гэж үзэж болохоор байна. Үүнд:
1.Монгол Улсын 2002 оны хуучин эрүүгийн байцаан шийтгэх хууль[38]-д зааснаар прокурорын эвлэрүүлэх шийдвэр, түүний оролцоо, эвлэрүүлэн зуучлагчын оролцоогүйгээр хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа[39] эвлэрдэг байсан бол Францын Улсын эрүүгийн процессын хуульд зааснаар прокурор нь өөрийн санаачилгаар болон хохирогч болон талуудын хүсэлтээр мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчын тусламжтайгаар явуулдаг байдлаараа,
2. Францын прокурорын дэргэдэх эсхүл прокуророос зөвшөөрөгдсөн мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч оролцсоноор илүү мэргэшсэн, жинхэнэ утгаар эвлэрүүлэх ажиллагааг явуулдаг байдлаараа,
3. Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчид нь прокуророос зөвшөөрөл авч, прокурорын шийдвэрээр, прокурорын байгууллагын дэргэд явуулдаг байдлаараа,
4.Францын прокурор нь шүүхээс өмнөх шатанд шүүхийн оролцоогүйгээр, дангаараа явуулдаг байдлаараа,
5.Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчаас гадна Францын прокурорын байгууллага дахь прокурорын төлөөлөгч, прокурорын зуучлагч гэсэн албан ёсны албан хаагчид эвлэрүүлэн зуучлал явуулдаг байдлаараа,
6.Монгол Улсад хоёр тал сайн дураараа эвлэрдэг, сайн дурын шинжтэй байсан бол, Франц Улсад эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал нь эрүүгийн процессын хуулийн дагуу явагддаг, өөрийн үе шаттай, бие даасан институт болдог байдлаараа,
7.Франц Улс нь эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэснээр гэмт этгээдийг шүүхэд татахгүй, ялтан болгохгүй байх боломжийг хангаж, илүүтэй эрүүгийн эрх зүйн өршөөнгүй, энэрэнгүй ёсны зарчмыг эрүүгийн процесс ажиллагаанд ягштал баримталдаг, хэрэгжүүлдэг байдлаараа тус тус ялгаатай байгааг ялгаатай онцлог шинж болгон дурдаж байна.
Гэтэл Монгол Улс эрүүгийн хэргийн эвлэрлүүлэн зуучлалыг нутагшуулах нь битгий хэл хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгодог 1949 оноос хойшхи уламжлалт зохицуулалтыг хүчингүй болгож, хохирогчийн эрх ашиг[40]-ийг хангах боломжийг эрүүгийн процессоор хаахын зэрэгцээ хэргийн холбогдогч нарыг нийгмийн аюултай, аюул багатай гэмт үйлдлийг анх удаа болон дахин давтан үйлдсэн эсэхээс нь үл хамааран бүгдийг нь ялтан болгож байна. Монголын нийгэм өөрөө ядуурал ихтэй байхад иргэдээ давхар торгох ял оногдуулж, торгуулийн мөнгөөр дарамтлахын зэрэгцээ толгой дараалан ялтан болгож, мөн дараагийн гэмт хэрэг, зөрчил гарах эрүүгийн болон зөрчлийн хэргийн шалтгаан нөхцөлийг төр өөрөө бүрдүүлэн өгч байна[41].
Европын Зөвлөлийн Сайд нарын хороо 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг дэх эвлэрүүлэн зуучлал (фр:médiation en matière pénale; Recommandation N° R (99) 19 adoptée par le Comité des Ministres du Conseil de l’Europe le 15 septembre 1999)-ын зөвлөмжийг баталж[42], тус сайд нарын хорооноос “...Энэхүү зөвлөмж болон зөвлөмжийн хавсралтад заасан зарчмуудын хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын засгийн газруудад зөвлөж, энэ текст (зөвлөмж) нь илүү боломжит өргөн хүрээ, агуулгатайг дурдахын зэрэгцээ засгийн газрууд эрүүгийн хэрэг дэх эвлэрүүлэн зуучлалыг хөхүүлэн хөгжүүлэхийг дахин зөвлөж байна...” (фр:recommande aux gouvernements des Etats membres de prendre en considération les principes énoncés dans l'annexe à la présente recommandation, lorsqu’ils développent la médiation en matière pénale, et de donner à ce texte la plus large diffusion possible)[43] гэж уг зөвлөмжид уриалсан байдаг. Уг зөвлөмж нь зөвлөмж, хавсралт, түүний 6 бүлэг, 34 зүйлээс гадна үндэслэлийн тайлбар гэсэн хэсгүүдээс тус тус бүрддэг. Европын улс орнууд эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг эрүүгийн процесс ажиллагаанд өргөнөөр хэрэглэж байгаа нь уг зөвлөмжийн үр дүн биз ээ. Үүний нотолгоо нь Франц Улсын жишээ болох буй за.
Франц Улсад 2016 оны байдлаар 1 367 166 этгээдийн хэргийг мөрдөн шалгаж шүүхэд татах, альтернавтив журам хэрэглэх, хэргийг хаах гэсэн гурван замаар прокурор шийдвэрлэсэн байх бөгөөд тэднээс 512 146 этгээдийг эвлэрүүлэн зуучлал, хуулийн сануулга гэсэн альтернатив арга замаар прокурор шийдвэрлэсэн нь нийт гэмт явдалд холбогдсон этгээдүүдийн 37,5 хувийг эзэлж байна[44].
Уг нь Монгол Улс нь дээрх зөвлөмжийг судалж, дэлхийн нийтийн болон Европын жишигтэй хөл нийлүүлэн алхах учиртайсан билээ.
ДҮГНЭЛТ, САНАЛ
Монгол Улс 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын үндэс, шинж, төрх, түүний хэлбэрийг хадгалсан “эвлэрснээр хэрэгсэхгүй болгодог” эрх зүйн зохицуулалтыг хуулиас хассан нь эрх зүйн хөгжлийн хувьд ухралт болсон гэж дүгнэж байна. Түүнийг хүчингүй (хасах) болгох болсон үндэслэл, шалтгаан нь өнөөдөр тодорхой бус байхаас гадна дэлхийд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төрийн үлгэр дууриал, жишиг болж буй Баруун Европын орнуудын жишгээс гажсан явдал болжээ.
Иймд энэхүү алдаагаа хууль тогтоогчид засах, түүнээс гадна Франц Улс болон Европын орнуудын эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалж, иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалыг нутагшуулсны адил эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг нутагшуулах цаг хэдий нь болсныг үүгээр дэвшүүлж байна. Хэрэв эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг эрүүгийн процессын нэг институт болгон хуульчилахаар судалж эхэлбэл энэхүү эвлэрлийн арга хэмжээ нь хэрхэн хэрэгждэг, аль байгууллагын дэргэд явагддаг, хэн хэрэгжүүлдэг, хэн шийдвэрлэдэг талаарх Франц Улсын эрүүгийн процесс дахь жишиг, туршлага билээхэн байгааг үүгээр хөндөж тавьлаа.
Манай улс иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлснээр сүүлийн жилүүдэд иргэний шүүхийн ачаалал эрс багасч, үр дүнгээ өгч буйг, мөн үүний хажуугаар 2017 оноос эрүүгийн хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгодог эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосноор эрүүгийн хэргийн шүүхийн ачаалал эрс өссөнийг бэлээхэн сүүлийн үеийн шүүхийн статистик, судалгаа харуулж байгаа билээ.
Эрүүгийн хөнгөн хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн хохирол, хор уршгийг арилгасан этгээдэд эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээс гадна гэр бүл, хөрш, хамт олны дотор үйлдэгдсэн ахуйн хүрээний хөнгөн хэргүүдэд түлхүүтэй мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчийн оролцоог хангах нь зүйтэй юм. Үүгээр тогтохгүй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг болон зөрчлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг бодит амьдрал харуулсаар байна. Нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийлэл болохоо байлаа, ил болон далд хэлбэрээр маш их үйлдэгдэж байна гэж үзээд гэмт хэрэг, зөрчилд тооцсон боловч төр тэднийг хооронд нь эвлэрүүлэх арга замыг тооцож үзээгүй нь буруу болсныг тэмдэглэж байна. Ер нь нийгмийн гэр бүл, хамт олон, ах дүүс гэх мэт өөр хоорондоо хамаарал бүхий бичил бүлгийн уур амьсгалыг эрүүлжүүлэх бус эвлэрүүлэх бодлогыг хууль тогтоогчид бодолцох ёстой байсан болов уу. Төр мэлмийтэй байх ёстой бөгөөд тэр мэлмий нь эрүүжүүлэхээс илүүтэй эрүүлжүүлэх буюу эвлэрүүлэх бодлого байх ажгуу. Францын хүн ам, монголын хүн ам нь их зөрүүтэй нь тодорхой боловч манай улсын хүн ам эрүүжүүлэх үйл явцын өмнө хэтэрхий эмзэг байгаа нь илт байтал эвлэрүүлэх биш эрүүжүүлэх бодлогыг хэт баримталж байгаагаа эргэн харах хэрэгтэйг үүгээр тодотголоо.
Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд эрүүгийн хэргийг эвлэрлээр шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээ байснаас бус эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа огт байгаагүйг дүгнэж хэлээд, цаашид эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг нутагшуулахдаа бусад эрүүгийн процесс ажиллагааны альтернатив сонголттой хосуулан хуульчлах ч боломжтойг мөн дурдаж байна.
Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал” хэмээх нэгэн институтийг хуульчлан, нутагшуулахыг үүгээр дахин санал болгож байна.
[1]Энэ өдрөөс эхлэн Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн байна.
[2]Франц Улсын Эрүүгийн процессын хууль дахь эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлал.
[3]Франц Улсын гэмт явдлын ангилал дахь нийгмийн аюулаар бага ердийн гэмт хэрэг /5 жилээс доош хорих ялаар шийтгэгдэх/, эрүүгийн /захиргааны/ зөрчил үүнд хамаарна.
[4]Анхан шатны шүүхийн дэргэдэх прокурорын газрын дарга, прокурор бөгөөд тус улсын ерөнхий прокурор буюу түүнтэй дүйцэх прокурор биш болно. Манай прокурортой дүйцүүлж үзвэл аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум-сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор юм.
[5]Франц нэр томъёо, түүний тодорхойлолт.
[6]Франц нэр томъёотой дүйцэх англи нэр томъёо, түүний тодорхойлолт.
[7] Annie Beziz-Ayanche, Marion Charret-Del Bove. Les mots clés de la procédurepénale. Droit comparé: Droit français/ Droit anglais. StudyramaPro.92306 Levallois-Perret, 2015 р-96.
[8]Энэхүү франц нэр томьёоны ойлголтын талаар монгол, франц, англи хэлээр товч дор оруулав.
[9]Монгол Улс нь Эрүүгийн процессын төрөлжсөн хуулиа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж шинээр нэрлэдэг болсон бол Франц Улс нь эрүүгийн процессын хуулиа францаар “code de procédure pénale” гэж нэрлэдэг ажээ. Уг хуулийн нэршлийг англиар“code of criminal procedure”, оросоор “уголовно-процессуальный кодекс” гэнэ. Тиймээс эрүүгийн процессын төрөлжсөн хууль гэж бичив. Хэдийгээр эрүүгийн процессын хуулийг англиар “code of criminal procedure” хэмээн оноон нэрлэж буй боловч харамсалтай нь Англи-Саксоны эрх зүйн бүлийн улс орнуудад эрүүгийн процессын төрөлжсөн хууль байдаггүй.
[10]1926 оны Монгол Улсын шүүн таслах газрууд дор аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нь эрүүгийн процесс, иргэний процесс ажиллагааг хамтад нь зохицуулж байсан тул анхны эрүүгийн процессын төрөлжсөн хууль гэж үзэх боломжгүй юм.
[11] It was one of the first legal texts attempting to codify criminal law in France гэж “Criminal Ordinance of 1670” гэж Wikipedia –д бичсэн байна. Монголчилбол, Франц Улсад эрүүгийн эрх зүй дэх төрөлжүүлэн гаргасан анхны хуульчилсан текст /акт/ байсан юм гэжээ. Үнэндээ анхны төрөлжүүлсэн эрүүгийн процессын хууль байсан юм.
[12]Эл хуулийг Францын болон дэлхий дахины анхны эрүүгийн процессын хууль гэж зарим хүн ойлгодог бөгөөд уг нь энэ хууль Францын орчин үеийн анхны эрүүгийн процессын хууль юм. 1670 оны эрүүгийн ордоннонсе бол хаант засаглалын анхны эрүүгийн процессын төрөлжсөн хуульчилсан акт юм. 1795 оны эрүүгийн процессын хууль бол Францын хувьсгалын дараах шилжилтийн үеийн эрүүгийн процессын хууль билээ.
[13]Герман Улс гэхэд 1879 онд анхны эрүүгийн процессын хуулиа баталж байв.
[14]Монгол Улс нь эрүүгийн процессын төрөлжсөн хуулиа “эрүүгийн байцаан шийтгэх хууль” гэсэн нэршлээр оноон нэрлэж ирсэн бол 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчилсэн найруулга хийхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчлөн нэрлэжээ. Эх газрын эрх зүйн бүл болон ОХУ-ын жишгийг харгалзан эрүүгийн процессын төрөлжсөн хууль гэж шууд оноон нэрлэхгүй зайлсхийж ирсэн байх юм. 1978 оны Улсын нэр томъёоны хууль зүйн нэр томъёонд оросын “кодекс”-ийг “төрөлжсөн хууль”, оросын “уголовно-процессуальное право” гэх нэршлийг “эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”, “эрүүгийн процессын эрх зүй” гэж албан ёсоор хөрвүүлж байжээ.Тэгэхээр салбар эрх зүйг эрүүгийн процессын эрх зүй гэж албан ёсоор буулгаж байсан хирнээ хуулиа шууд утгаар нь эрүүгийн процессын хууль гэж нэрлэхгүй өнөөг хүрсэн нь сонирхол татна. Ингэж нэрлэх болсон учир шалтгааныг бичсэн, судалсан, дүгнэсэн хүн алга. Гэхдээ хууль зүйн сурах бичигт өнөө ч эрүүгийн процесс, эрүүгийн процессын эрх зүй гэж түгээмэл бичдэг билээ.
[15]Франц Улсад прокурор эрүүгийн хэргийг гурван замаар шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, шүүхэд татах, альтернатив журмыг хэрэглэх, мөрдөн байцаалтыг зогсоож хэргийг хаах гэсэн гурван зам юм.
[16]Энэ прокурорын талаарх өмнөх тодотголыг харна уу.
[17]Édition 2015, code de procedure pénale, 56 édition, Dalloz, p-168, 169
[18]Мөрдөн шалгаж шүүхэд татах нь прокурор цагдаагийн мөрдөн байцаалтын ажиллагааг удирдах, өөрөө биечлэн явуулах замаар, нийтийн яллагааг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд эрүүгийн хэргийг шүүхэд татаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эрүүгийн хуулийг хэрэглүүлэхээр буюу яллах ажиллагаа явуулж буйгаар илрэн гардаг.
[19]Жижиг хэрэг, зөрчил гэж монголчилж буй “contravention” нь дотроо тав ангилагддаг бөгөөд 5 дахь ангилал жижиг хэрэг /хөнгөн хэрэг/, 1-4 ангилал нь зөрчил /захиргааны зөрчил/ юм. Тиймээс жижиг хэрэг, зөрчил гэсэн хоёр биеэ буюу олон тоон дээр бичиж буй юм.
[20]Энэ журам нь эрүүгийн хэргийг сонголттойгоор уян хатан, тухайн хэргийн ангилал, шинж, хор аюул, нөхцөл байдалд нь тохируулан шийдвэрлэх процедурыг хэлдэг байна.
[21]Ш.Баасандорж, Ром-Германы эрүүгийн процесс, УБ 2018 он, 114 дэх тал
[22]Та бүхэн эрүүгийн эвлэрүүлэн зуучлалын талаарх монгол, франц, англи тодорхойлтыг өмнө бичсэн бөгөөд тэндээс дахин харна уу.
[23]Энэхүү зорилгын цаана хохирогчийн эрх ашиг хангагдана.
[24]Үүний цаана нийгмийн эрх ашиг, нийтийн эрх ашиг хангагдана. Эдгээр эрх ашгийг төлөөлөх, хангах эрх бүхий субъект нь прокурор юм. Ер нь эрүүгийн хууль тогтоомж зөрчигдснөөр нэн тэргүүн нийгмийн болон нийтийн эрх ашиг зөрчигддөг гэж үздэг.Өөрөөр хэлбэл, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн хэм хэмжээ болон эрүүгийн хуулийн хэм хэмжээ зөрчигдөнө. Иймд Францад тухайн хувь хүний эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээ зөрчигдөж, нийгмийн эрх зүйн дэг журам алдагдаж байна гэж үздэг. Хэдий хувь хүн гэмт халдлагад өртөж буй боловч давхар, түүнтэй хамт нийгмийн эрх ашиг хохирч байна гэсэн үг.
[25]Миний бие энэ талаарх франц ухагдахууныг шүүхэд татах гэж монголоор буулгаж буй бөгөөд Монгол шиг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа гэсэн шүүн таслахаас өмнөх бие даасан шүүх дэх эрүүгийн процессын үе шат байдаггүй. Герман Улсад байдаг шиг дундын үе шат буюу мөрдөн байцаалт явагдсан хэргийг шүүх хянадаг /фр:la phase intermédiaire, гер:das Zwischenverfahren/ бие даасан үе шат Францад байдаггүй учир ингэж буулгаж буй юм.
[26]Энд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх ашиг хангагдана.
[27]https://www.service-public.fr. Сүүлд үзсэн: 2018.06.18.
[28]Нийгмийн аюулаар их биш гэмт явдлыг эвийн дүрмийг хөнгөвчлөх зорилгоор Бүгд Найрамдах Улсын прокурорын эрх олгосон хувь хүн, нийгэмлэгийг эрүүгийн хэргийн эвлэрлүүлэн зуучлагч гэдэг (фр:Le médiateur pénal est une personne physique ou une association habilitée par le procureur de la République pour faciliter le règlement à l'amiable d'une infraction pénale de faible gravité).
[29]Франц Улсад өмгөөлөгч өөрөө эвлэрүүлэн зуучлал явуулах эрхгүй байдаг.
[30]https://www.service-public.fr. Сүүлд үзсэн: 2018.06.18.
[31]https://fr.wikipedia.org/wiki/Médiation_pénale. Сүүлд үзсэн: 2018.06.18.
[32]Эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалыг 1993 онд хуульчилж байсан бол иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалыг 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуульчилж, 1996 оны 07 дугаар сарын 22-ны зарлигаар хэрэгжүүлж байв.
[33]Шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэл гэж шүүгч, прокурорын хоёрыг нэрлэдэг.
[34]Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009), УБ., 2012 он, 127 дахь тал
[35]Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулиуд, УБ,1980 он, 268 дахь талууд
[36]Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009), УБ., 2012 он, 371 дахь тал
[37]Улсын прокурорын газрын тайлан, мэдээний эмхэтгэл /тухайн онуудын/
[38]2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ зохицуулалт хүчингүй болсон.
[39]Хоёр талын сайн дураараа явагдах байдал нь эвлэрэх ажиллагааг гудамжинд, булан тохойд гаргадаг бол Францын эвлэрүүлэн зуучлал нь мэргэжлийн түвшинд буюу мэргэжлийн зуучлагчийн хажууд албан тасалгаанд явагдах нөхцөл байдалд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч эвлэрүүлэн зуучлагчаар оролцох боломжийг олгодог байна.
[40]Хохирол, гэм хорыг арилгах явдлыг шинэ эрүүгийн хуулиар хуульчилсан гэх боловч эрүүгийн процессын хуулиар үүнийг хааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хуучин эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн этгээд аль болох хохирлыг төлж, хохирогчтой эвлэрэхийг урьтал болгодог байсан бол шинэ эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчдод хохирол төлсөн эсэхээс үл хамааран шүүхээр торгуулийн ялаар шийтгэгдэнэ. Шүүх нэгэнт хөнгөн гэмт хэрэг холбогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул торгуулийн ялыг нэг их өндөр биш, бага хэмжээгээр торгоод шийдвэрлэж байна. Уг нь уг гэмт хэргийг анх удаа тохиолдлын чанартай үйлдсэн тохиолдолд торгож буй мөнгөөр нь хохирогчийн хохирлыг барагдуулдаг байсан бол энэрэнгүй, шударга ёсны зарчмыг хангах байлаа. Франц Улс эвлэрүүлэн зуучлалыг явуулдаг нэг зорилго нь гэмт этгээдийг шүүхэд татахгүй, ялтан болгохгүй байх боломжийг хангахад оршдог. Гэтэл шинэ эрүүгийн хууль эсрэгээрээ хуучин эрүүгийн хуулийн ангиллаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг толгой дараалан ялтан болгож байгаа билээ.
[41]Гэр бүлийн гишүүд хэрэг, зөрчил үйлдсэн үед тэдэнд мэргэжлийн эвлэрүүлэн зуучлал явуулахгүй, эрүүгийн процессын болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн уяан хатан зохицуулалтгүйн улмаас нэг гэр бүлийн гишүүн болох нөхөр нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэргээр шийтгэгдсний улмаас эхнэрийнхээ амь насыг хохироосон хүнд гэмт хэрэг гарсан ажээ.
[42]Түүний францаар энд буулгав. Та бүхэн судална биз ээ. “Conseil de l’europe comite des ministre commendation n°r (99) 19 du comité des ministres aux etats membres sur la mediation en matière pénale (adoptée par le Comité des Ministres le 15 septembre 1999, lors de la 679 e réunion des Délégués des Ministres)”. Сүүлд үзсэн: 2018.06.18.
[43]http://bice.org/app/uploads/2014/06/Recommandation_9919_FR.pdf. Сүүлд үзсэн: 2018.06.18.
[44]http://www.justice.gouv.fr/statistiques-10054/chiffres-cles-de-la-justice-10303/. Сүүлд үзсэн: 2018.06.18.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба