Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтарч нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн бүх мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, эрх олгогдсон сумдын цагдаагийн албан хаагчид, Шүүхийн шинжилгээний албаны дарга, эмч-шинжээч, криминалистикийн шинжээч зэрэг нийт 97 албан хаагчид оролцсон байна. Нэгдсэн зөвлөгөөнөөр оролцогч байгууллагууд 2018 онд хийсэн ажлын чанар, үр дүн, 2019 онд дэвшүүлсэн зорилт, анхаарч ажиллах асуудлын талаар ажлын чиглэл тус бүрээр мэдээлэл хийж, өмнөх хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд болон шинжилгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулахад анхаарах асуудал, хууль хэрэгжүүлэхэд гарч буй алдаа, зөрчил, хүндрэлтэй асуудлын талаар санал бодлоо солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, Прокурорын газар, Цагдаагийн газраас 2019 онд хамтран ажиллах талаар 9 заалт бүхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, 2018 оны үлдэгдэл мөрдөн байцаалтын хэргийг шуурхай шалгуулж шийдвэрлэх талаар хэргийн хугацаа тогтоосон график гаргаж, биелэлтийг тооцож ажилласан байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх “Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Улын Ерөнхий прокурорын газраас өгсөн үүрэг, чиглэл, хяналтын ажлын чиглэлүүдээр анхаарах асуудал”, ерөнхий прокурорын орлогч Ч.Бямбажаргал “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн ажлын чанар, үр дүн, 2019 онд хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудал, хүрвэл зохих түвшин”, ахлах прокурор Л.Отгончимэг “2018 онд шүүхээр хэрэг шийдвэрлэсэн байдал, анхаарах асуудал”, ахлах прокурор Б.Болд “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдэд хяналт тавихад анхаарах асуудал”, хяналтын прокурор М.Ариунцэцэг “Зөрчлийн гомдол мэдээлэл хүлээн авах, зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвүүдээр тус бүр мэдээлэл хийж, хамтарсан зөвлөгөөн үр дүнтэй болжээ.Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба