Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор Н.Найгалдорж нар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Булган аймаг дахь Хорих 439 дүгээр хаалттай хорих анги, Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих анги, Дархан-уул аймаг дахь 435 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 445 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар нээлттэй хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцав. Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаа шаардлагын хэмжээнд явагдаж байгаа бөгөөд Прокурорын байгууллагын түүхт 90 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн прокурорын газартай хамтран 2 жилийн хугацаатай “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.
Хорих ангиудын үйл ажиллагаа хуулийн шаардлагын хэмжээнд явагдаж байгаа боловч анхаарах зүйлүүд байна. Тухайлбал: Зарим хорих ангиуд гадуур хоригдлыг хэвтэн эмчлүүлхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас бичгээр зөвшөөрөл аваагүй, хоригдлын сэтгэл зүйн нэгдсэн судалгаа хийгээгүй, цагдан хорих байрнаас зам шалгалтаар хоригдогч авч явахдаа аймгийн Ерөнхий прокурорын зөвшөөрөл аваагүй, Цагдан хорих байр нь стандартын шаардлага хангаагүй, гав бүхий сандал байрлуулсан хаалттай, энгийн хорих ангид тусгай зэрэглэлийн хоригдлууд үйлдвэрлэлийн бүсэд хамт ажил хийлгэдэг, шалгасан материалд зөрчлийн актыг бүрэн үйлдэж хэвшээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Танилцах ажиллагааны явцад Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг, чиглэл өглөө. Мөн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Тусгай хайрцаг"-ний хэрэгжилтийг тус хорих ангиудад шалгаж, гэмт хэргийн шинжтэй 2 гомдлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулхаар болсон байна. Танилцах ажиллагааны явцад тус аймаг, сумдуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуроруудын ажилтай танилцаж заавар, зөвлөгөө өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба