Баян-Өлгий аймгийн пррокурорын газраас барилгын тухай хууль тогтоомж зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор аймгийн Мэргэжлийн газартай хамтарч “Барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, барилгын норм дүрмийг хангуулах нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж явуулав. Тус сургалт-хэлэлцүүлэгт аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох улсын байцаагч нар, аймгийн Засаг даргын орлогч, Газрын харилцаа хот байгуулалтын газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнхө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 хувь хүн, 60 хуулийн этгээдийн төлөөлөлүүд оролцов. Өнгөрсөн 2018 онд аймгийн МХГ-ын хяналт шалгалтаар барилгын салбарт мөрдөгддөг хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил 151 гарч, үүнээс 14 хуулийн этгээдэд Зөрчлийн туай хуульд заасан торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн шинж байдлыг судалж үзэхэд батлагдсан зураг төсөлгүйгээр, зохих зөвшөөрөгүйгээр барилга барих, батлагдсан зураг төсөлгүй байхад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аймгийн засаг даргаас олгодог, ийм зөрчилтэй барилгыг улсын комисс хүлээж авдаг зөрчил түгээмэл гарсан байна.
Зөрчлийн шалтгаан нөхцлийг судалвал огт зураггүй барилга обьектийн ажлыг худалдан авах ажиллагааг аймгийн ЗДТГ захиалагчийн хувьд нийтэд зарладаг, уг барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компаниуд мөн зураггүй, экспертизээр ороогүй ажлыг шууд гүйцэтгэдэг, захиалагчийн хяналт туйлын хангалтгүй, зөвхөн барилгыг ашиглалтад оруулах үед л баримт бичгийг нөхөж бүрдүүлдэг зэрэг ажлын буруу арга барил шууд нөлөөлжээ.
Сургалт-хэлэлцүүлгээр барилгын тухай хууль тогтоомжуудыг хэрхэн хэрэгжүүлэх, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага болон чанаргүй барилга барих, ашиглалтанд оруулахад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар сургалт явуулж, дээрх зөрчлүүдийг 2019 онд давтан гаргахгүй байх асуудлаар хэлэлцэж шалтгаан нөхцлийг арилгуулах, барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар нэг мөр ойлголтонд хүрэв. Баян-Өлгий аймгийн пррокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба