АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2019 оны 1 дүгээр сард дүүргийн нутаг дэвсгэрт агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр ашиглаж, хэсгийн халаалтын уурын зуух болон нам даралтын зуух эзэмшигч 14 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны эхэнд агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч 35 халаалтын зуух эзэмшигч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан Агаарын тухай хууль, уурын болон усан халаалтын зууханд мөрдөх журам, хяналтын хуудсыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулж, зөвлөмж, шаардлага хүргүүлсний дагуу эдгээр аж ахуйн нэгжүүдэд биелэлтийг тооцоход “Сүлд” спорт хороо,  “Ийстерн роуд” ХХК-нь  төвлөрсөн халаалтад шилжихээр шийдвэрлэж, 2019 оны 4 сараас ажлаа эхлэхээр болсон,  “Дипломат” СӨХ-д хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагын дагуу тус хотхон нь  100 кВт-ын 4 халаалтын зуухны үйл ажиллагааг бүрэн зогсоож, 15 блок барилгын 33 айлын орон сууцны байрны халаалтыг цахилгаан халаалтад шилжүүлсэн, мөн “Буянцэцээ ХХК” “Нимоикс” ХХК-ний “Энглиш гарден” орон сууцны хороолол, Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын клиник төвийн “Богд уул” сувилал зэрэг аж ахуйн нэгжүүд халаалтын зуухныхаа үйл ажиллагааг бүрэн зогсоож, цахилгаан халаалтад шилжсэн зэргээр агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо буурсан үр дүн гарсан байна. Тус дүүрэг нь агаарын чанарын түвшингөөр  2 дугаар бүсэд хамрагдаж байгаа боловч, яармагын гэр хорооллын дунд  агаар бохирдуулагч жижиг эх үүсвэр ашиглаж байгаа  400 гаруй худалдаа үйлчилгээний газрууд байгаа нь агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа тул тоог цөөрүүлэх, эдгээр аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн дулааны хангамжид холбох, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангахын тулд цаашид тус дүүргийн агаарын чанарыг сайжруулах 2,4 дүгээр бүсэд байрлах 16 хорооны нутаг дэвсгэрт  шинээр 6-10 кВ, 110/10/6 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг шинээр барих ажлуудыг хийх,  төвийн шугамнаас алслагдан, төсвийн байгууллагуудын хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан төвлөрсөн халаалтад холбогдох боломжгүй байдлыг холбогдох газрууд нь судлан уурын зуухны янданг буулгах хөтөлбөр арга хэмжээнд хамрагдах шаардлагатай байгаа ажээ. Шалгалтаар Тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Баттрейд Cи ХХК-ны Чандмань худалдааны төв нь  агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр болох уурын зуухны тоног төхөөрөмжид үнэс  баригч, шүүлтүүр зэргийг нэмж суурилуулаагүй байсан зөрчил илэрч, эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулж,  прокуророос зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар мэдэгдэл бичлээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.