НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГАЖЭЭ

A- A A+
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ  ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГАЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа нэр бүхий 32 ялтан  Чингэлтэй дүүргийн  “ Тохижилт үйлчилгээний компани “  ХХК -нд ажиллаж  ялаа хэрхэн эдлэж буйг газар дээр нь очиж шалгажээ. Ялтнууд нь Чингэлтэй дүүргийн харьяа “ Тохижилт үйлчилгээний компани”  ХХК -нд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийж ялаа эдлэж  байна. Чингэлтэй дүүргийн “ Хот тохижуулах газар ХХК” нь ялтнуудын ажлыг цагийг бүртгэж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилд гарах бүрт нь өгч гарын үсэг зуруулж, ажлын тусгай хувцас болох бээлий, хантааз, амны хаалт , мөн хөдөлмөрийн багаж хэрэгслээр  хангасан ба ялтнуудын хөдөлмөр эрхлэлт,ажлын цагийн тооцоо, ял эдлэлтийн талаар харьяа шийдвэр гүйцэтгэгчид 7 хоног тутамд мэдэгдэж хэвшжээ.Шийдвэр гүйцэтгэгч нь  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудын ажлыг 7 хоног тутамд биечлэн шалгаж хяналт тавьж ажиллажээ.

Дүүргийн ахлах прокурор Л.Цогтхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй 32 ялтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, ял эдлэх нийт хугацаандаа 3 цагаас илүү хугацаагаар ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам зөрчсөн, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, мөн хуурамчаар өвдсөн, хуурамч эмнэлгийн магадалгаа, чөлөөний баримт материал бүрдүүлсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих зэрэг хууль журмын талаар  сануулж, тэдэнд хууль зүйн зөвөлгөө өгч ажилласан байна.Мөн ял эдлэхээс зайлсхийсэн, удаа дараа хууль журам зөрчсөн ялтнуудын ялыг хорих ялаар солиулах талаар прокурорт нэн даруй санал гаргаж ирүүлэх үүргийг шийдвэр гүйцэтгэгчид даалгасан ба шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт прокурорын шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.