Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн нээлт өнөөдөр /2019.02.28/ “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болсон бөгөөд нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, УЕП-ын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга болон Хууль зүйн яам, Хууль зүйн Үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцсон. Монголын залуу хуульчдыг чадавхжуулж, хуульчдын үргэлжилсэн сургалтын тогтсон загвартай болох зорилгоор хэрэгжүүлж буй тус төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төсөл нь шинээр томилогдож буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг бий болгох, бэхжүүлэх, залуу хуульчдад зориулсан дагалдан сургах буюу менторшипийн хөтөлбөртэй болох гэсэн үндсэн хоёр зорилтын хүрээнд явагдана. Азийн сан нь төслийн түншлэгч байгууллагуудтай хамтран залуу хуульчдын сургалтын хэрэгцээ, шаардлага, сургалтын агуулгад үнэлгээ хийж, үнэлгээнд үндэслэн сургалтын систем, агуулгыг шинэчилж, сургалтын шинэлэг арга техникийг нэвтрүүлэх юм. Ингэснээр сургалтын хөтөлбөрүүд суралцагсдын, ялангуяа шинэ хуульчдын ур чадвар, мэдлэг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй ажээ. Үүний зэрэгцээ илүү туршлагатай, мэргэшсэн хуульчдаас шууд суралцах боломж олгох дагалдан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуу хуульч, шүүгч, прокурорууд ажилдаа түргэн зүгширч, гаргаж буй шийдвэртээ илтгэлтэй байх, эрхэлсэн ажлаа мэргэжлийн, ёс зүйтэй гүйцэтгэхэд туслах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба