Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд гарсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан “Авлигын” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт зэргийг 2018 оны байдлаар нэгтгэн судалжээ. 2018 оны байдлаар авлигын 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа, 7 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бол 2017 оны байдлаар 3 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс авлигын гэмт хэргийн тоо 4 буюу 57.1 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй байна.
Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн энэ төрлийн 2 хэргийн 1 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, улмаар 1 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, 2 шүүгдэгчид мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан байх ба 1 хэрэг нь шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шатанд хянагдаж байна.
Харин гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг судалж үзэхэд гэмт хэрэг үйлдэгч нар нь ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаар зээл авахуулж ашигладаг, бусдад давуу байдал олгодог, хахууль авдаг, бусдыг ажил оруулдаг зэргээр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байх ба гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг насны байдлаар авч авч үзэвэл 27-36 насны 6, 40-45 насны, 54 настай 1 этгээд тус тус холбогдсон байгаагаас эмэгтэй 2, эрэгтэй 11 байна.
Гэмт хэрэгт холбогдогсон этгээдийг боловсролын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 2, боловсролгүй 1, урьд ял шийтгүүлсэн 1, эрхэлсэн тодорхой ажилтай 9, ажилгүй 4 холбогдогч байх бөгөөд ажил эрхлэлтийн байдлаараа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн менежир, төрийн байгууллагад ажиллаж буй хэлтсийн дарга, хэсгийн цагдаа, гаалийн байцаагч ажилтай хүмүүс холбогдсон байна.
Судалгааны дүнгээр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн 5 буюу 55.5 хувь нь үйлдэгдсэн нь бусад сумдуудтай харьцуулахад хамгийн ихээр үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд албан тушаалын байдлаа ашиглаж ах, дүү төрөл саднаа ажилд оруулдаг, хариуцсан ажилдаа хайнга ханддаг, байгууллагын өмчийг дур мэдэн зарцуулдаг, амьдарлын боломжоос шалтгаалан бусдаас мөнгө авдаг, бусдад давуу байдал олгож тендэр олгодогтой шууд холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд ард иргэд, ажилчин албан хаагчдын үл ойлгойлцлоос шалтгаалан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд бүртгэгдэн шалгагдаг байна.
Шалгалтын дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймаг, орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэмт хэргийн гэрч мэдээлэгчийг хамгаалах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ төрлийн гэмт хэргийн гаралт, түүнийг хэрхэн илрүүлэх талаар мэдээлэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба