“ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ НОТЛОХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, ЦАХИМ ЭД МӨРИЙН БАРИМТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

A- A A+
“ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ  НОТЛОХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, ЦАХИМ ЭД МӨРИЙН БАРИМТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

Мэдээллийн аюулгүй байдал нь өнөө цагт техник, технологийн дэвшлээс үүдэн өргөн хүрээнд байнга яригддаг нийтлэг том сэдэв болж хувирсан. Нэг хүнээс нөгөө хүнд очих цахим мэдээ, мэдээлэл анхны агуулга шинжээ гээлгүй үнэн зөв дамжих ёстой. Гэвч мэдээллийн урсгалын зам зуурт хөндлөнгийн хүчин зүйлс нөлөөлснөөр мэдээллийн анхны шинж тэмдэг алдагдаж, зарим тохиолдолд зэвсгийн зориулалтаар ашиглагдах боломж бүрдэж байгаа нь цахим мэдээлэл угтаа ямар үнэ цэнэтэй зүйл болох, түүний үнэн зөв байх нь хэр чухал вэ гэдгийг харуулдаг. Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааны тактикыг сайжруулан, мөрдөгч, прокуроруудын мэдлэг, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа билээ.

Иймд Нийслэлийн прокурорын газраас хүсэлт тавьсаны дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтарч 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрүүгийн хуулийн хорин зургаадугаар бүлэгт заасан Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг нотлох ажиллагааны онцлог, цахим эд мөрийн баримтыг бэхжүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.Сургалтанд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд болон дүүргийн прокурорын газруудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас тодорхой төлөөллүүд оролцсон байна.

Сургалт, судалгааны төвийн судлаач багш, хяналтын прокурор Г.Оюунболд нь “Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/ гэмт хэргийн зүйлчлэл, нотлох ажиллагаа, прокурорын яллах дүгнэлт үйлдэхэд анхаарах асуудал” сэдвээр;

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Гантогтох, Гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээний лабораторын эрхлэгч, дэд хурандаа А.Сайнхүү болон шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Болор-Эрдэнэ нар нь “Цахим гэмт хэрэгт шинжилгээ хийж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгт шинжилгээ хийх тухай үндсэн ойлголт, тоон технологийн шинжилгээний онцлог, төрөл,

Мөн Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого барьцааны мөнгө, эд мөрийн баримт эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх шийдвэрлэх журам”-ын 9.12.2-т заасан мэдээллийн эх байдлыг баталгаажуулах, агуулгыг нуух, хайлтад ашиглах, дамжуулах үед өгөгдлийн нууцлалыг хамгаалах, өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлох, өгөгдөл илгээсэн хүн, төхөөрөмжийг илрүүлэх, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгах, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий Hashтусгай программыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах.

Дээрх программыг ашиглан мөрдөн шалгах ажиллагааны үед олж авсан дижитал нотлох баримтыг хэрхэн баталгаажуулан бэхжүүлэх, тэмдэглэлд тусгаж, Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх талаар зааж, практик дадлага хийлгэсэн нь оролцогчдод ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.