Өвөрхангай аймгийн Прокурорын Газраас санаачлан Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд болон тасгийн дарга, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, шинжээч нарыг оролцуулан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурорын орлогч Ц.Дэнсмаа хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын тоон үзүүлэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг зөрчил, Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Д.Ганцэцэг 2018 онд “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл”, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Мядагбадам “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал, гарч буй зөрчил” сэдвүүдээр мэдээлэл хийв.
Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн Цагдаагийн газарт 2018 онд хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээлэл болон хэрэг материалыг хүлээн авсан шийдвэрлэлтийн талаар, Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Ц.Мөнхбат “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл”-ийн талаар, аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ганбаяр “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Шүүхийн Шинжилгээний Албаны дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мягмарсүрэн “Шинжээч томилсон тогтоол, дүгнэлттэй холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал”-ын талаар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Мөнхнасан нар тус тус мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэл, асуултанд хариулт өгч боломжтой асуудлыг зөвлөгөөн дээр нь шийдвэрлэсэн байна.
Зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж нийт прокурор, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд, шинжээч, шийдвэр гүйцэтгэгч нарт хүргүүлж, ажил сайжруулах, аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нарын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр практик сургалтыг зохион байгуулах, Шүүхийн шинжилгээний алба Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба