2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, “Хөөрхөн зүрхнүүд аян”, “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Эмнести интернешнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна. Уг уулзалт, зөвлөгөөнд Шүүх, Прокурор, “Хүүхэд хамгааллын 108” төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, “Хөгжлийн академи” төрийн бус байгууллага, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Хүүхдийн болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагуудын төлөөлөл уригдан оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх...” гэмт хэрэг, тайлбарын ойлголт, Эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал”, “Хүүхдээс бэлгийн таашаал авагчид буюу “Pedophile”, тэдгээрийн сэдэлт, зорилго” гэсэн хоёр илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн байна.Мөн тус дүүрэгт гарч байгаа хүчингийн гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл, яриа таниулга хийжээ.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба