Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн прокурорын газруудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан ба зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд, дүүргийн ерөнхий прокурор, тэдгээрийн орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд оролцсон байна.
Зөвлөгөөнд тус прокурорын газрын Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн хяналтын прокурор Ч.Бурмаа 2019 он гараад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нэгжүүдээс хийж гүйцэтгэсэн ажлын мэдээг прокурорын нэгдсэн цахим бүртгэлээс татан авч, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Аргачилсан заавар, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай” А/04 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ажилд дүн шинжилгээ хийхэд харгалзах шалгуур үзүүлэлт”-ийн дагуу дүн шинжилгээ хийсэн талаар, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, ахлах прокурор Ш.Одонсүрэн нь тус хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийжээ.
Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа тус прокурорын газраас өнгөрсөн хугацаанд дүүргийн прокурорын газруудад хандаж хийсэн ажил, үр дүнгийн талаар, тухайлбал: нэгжүүдийн хяналтанд дээд шатны прокурорын газрын давхар хяналтанд орсон хэргүүдтэй дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч, ахлах, хяналтын прокуроруудаас танилцаад мэргэжлийн туслалцаа үзүүлснээс гадна зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт албан бичгээр хандан, хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг тооцож ажилласан. Үүний үр дүнд Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд оны эхэнд байсан давхар хяналтын 50 хэргээс 60 хувийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргээр зүйлчлэн шалгаж, хэрэг бүртгэлтийг хаасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг 2018 оны эхний хагас жилийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шийдвэрлэсэн 194, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 211 хэргийг татаж хянаад, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэрэгт тавих хяналтыг сайжруулж, үндэслэлтэй шийдвэр гаргах, хэрэг бүртгэлтэнд байгаа хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авахуулахаар дүүргийн прокурорын газруудад мэдээлэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн шинэ залуу прокуроруудын залилах гэмт хэргийг хянаж, шийдвэрлэх ур чадварыг сайжруулах зорилгоор Сургалт, Судалгааны төвтэй хамтран сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсээс 02 дугаар сарын сүүлээр Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд урьд оны мөрдөн байцаалтын үлдэгдэл хэргүүдийг шийдвэрлэхээр зарласан “Прокурор-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний явц байдал, Нийслэлийн ерөнхий прокурорын “Ажлын чанар, үр нөлөө, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 1/01 дугаартай албан даалгаврын хүрээнд төвийн 6 дүүргүүдэд хийсэн ажилтай газар дээр нь очиж танилцахад, прокурорууд урьд оны мөрдөн байцаалтын үлдэгдэл 749 хэргийн 65 хувийг шийдвэрлэж, тодорхой санаачлага гарган ажиллаж байна гэх дүгнэлт хийсэн.
Мөн Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн “Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд хүргэх шилдэг бүтээл, “Хөдөлмөрийн сахилга бат, бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх” талаар шинэлэг санаа, арга барилыг тусгасан шилдэг илтгэлийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд зарлан явуулж байгаа талаар дурдаад цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулсны дараа прокурорууд харилцан санал бодлоо ярьж, зөвлөлдсөн байна.Зөвлөгөөний эцэст Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас үлдсэн хугацаанд доголдож байгаа үзүүлэлтүүдийг сайжруулан ажлыг эрчимжүүлэн, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн байцаалтын үлдэгдэл, тэр дундаа цагдан хориотой хүмүүст холбогдох хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх, цахим бүртгэл хөтлөлтийг сайжруулан, мэдээг үнэн зөв гаргах нөхцлийг бүрдүүлэх.Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой шинэлэг ажлуудыг санаачлан хийх, орлогч, ахлах прокуроруудын зүгээс доод шатны прокуроруудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, үйл ажиллагааг нь мэргэжлийн удирдлагаар хангах. Туслах ажилтнуудыг прокурорын хяналтын ажилд сургаж дадлагажуулах, шинээр томилогдсон прокуроруудыг ажилд нь түргэн хугацаанд хэвшүүлэхэд анхаарч ажиллах. Мөн “Ажлын чанар, үр нөлөө, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 1/01 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах талаар прокуроруудад үүрэг, даалгавар өгснөөр зөвлөгөөн амжилттай өндөрлөжээ.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба