Монгол Улсын Үндсэн хуульд "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж прокурорын чиг үүргийг тусгасан. Прокурорын хяналтын ажлын нэг нь "ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт" буюу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт юм.
Төв, орон нутгийн прокурорын байгууллагын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 14,15-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газарт зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын үр дүн, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр :
Эрүүгийн хуульд тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, дээрх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд тавих хяналтын үр дүнг дээшлүүлэх;
Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг нэг мөр хэрэгжүүлж, шүүхээс гарсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан эсэхэд тавих хяналтыг тогтмолжуулах;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлүүлэх чиглэлээр хийж буй ажилд тавих хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буйг нь үнэлж Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Готовын Ганцэцэгийг “Прокурорын тэргүүний ажилтан“ цол тэмдгээр, Завхан аймгийн прокурорын газрын ахлах прокурор Цэрэндоржийн Эрдэнэтуяа, Хөвсгөл аймгийн прокурорын газрын ахлах прокурор Баярсайханы Болд, Баянхонгор аймгийн прокурорын газрын ахлах прокурор Пүрэвдоржийн Мөнхтуяа нарыг “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гардуулав.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Хүндэт ажилтан" цол, тэмдгээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Балдангийн Чойжилсүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Довчингийн Уранчимэг нар шагнагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба