"ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэмжээнд төр захиргаа, хууль, хяналтын  байгууллага, мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөллийн дунд “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Прокурорын газрын прокурор, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, ойн мэргэжлийн байгууллага болон иргэдийн төлөөллийг хамарсан 52 иргэд оролцлоо.  Хэлэлцүүлгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж прокурорын газраас харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн арга хэлбэрийн талаар мэдээлэл хүргэж, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус сумын байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, сумын засаг дарга, иргэдийн хурал, иргэдийн төлөөлөлтэй хамтран ажиллах талаар санал солилцов.

            Сум орон нутгийн байгууллага нь мэргэжлийн байгууллагад ойн тусгаарлалт хийсэн талбайд арчилгаа, цэвэрлэгээ хийх зөвшөөрлийг өгдөг боловч иргэд тухайн тусгаарлалт хийсэн ойд нэвтрүүлдэггүй, тусгаарлалт хийсэн талбайд мэргэжлийн байгууллага нь иргэдээр мод бэлтгүүлснээр аюулгай байдал алдагдах нөхцөл байдал үүсдэг асуудлыг хөндөн ярилцлаа.

            Хуульд зааснаар мэргэжлийн байгууллага нь арчилгаа цэвэрлэгээг технологийн дагуу бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх, байгаль хамгаалагч, улсын байцаагчийн зүгээс өдөр тутмын хяналтыг тасралтгүй тавих, иргэд зөвшөөрөлтэй байгууллага, иргэдийг ойд нэвтрүүлэхгүй байх явдлыг зогсоож харин тухайн эрх авсан байгууллага, иргэд нь хууль, журам зөрчсөн тохиолдолд шаардлага тавьж хуулийн байгууллагад мэдэлэл өгөн хамтран ажиллаж байх талаар нэгдсэн шийдэлд хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум  дундын прокурорын газраас мэдээллээ.