Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдлаа. Сургалтанд Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн прокурорын газар, Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнуудыг хамрагдсан байна.
Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн багш судлаач, доктор, хяналтын прокурор П.Эрдэнэбат, сургагч багш, хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ, Н.Мөнхцэцэг, ахлах прокурор Б.Эрхэмбаяр нар явуулж, прокурор ажилтнуудыг 4 багт хувааж, мэтгэлцээний ойлголт, шүүх хуралдаанд бэлтгэх, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор оролцох нь, шүүхийн хэлэлцүүлэг хэлэх, мэдүүлэг авах буюу асуулт тавих тактик, эсэргүүцсэн санал гаргах, мэдүүлгээс бусад нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд прокурор оролцох нь, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт хэлэх, илтгэх ур чадвар, ял, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд прокурор оролцож дүгнэлт хэлэх, улсын яллагчийн дүгнэлт танилцуулах зэргээр явуулсан байна.
Мөн сум дундын шүүх хурлын танхимд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үзүүлэх шүүх хуралдаан хийж, шүүх хуралдааны бичлэг үзэж ярилцах зэрэг арга хэлбэрээр сургалтыг онол практик хослуулан явуулсан нь прокурор ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, прокурорын хяналтын ажилдаа хэрэгжүүлэх шинэлэг санаа, ажлын арга барил, тактик боловсруулах чадвар өгсөн ач холбогдолтой сургалт болж өндөрллөө. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба