Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2018 онд гарсан зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, зөрчил гарч буй шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, зөрчил гаргагчид хүлээлгэж буй хариуцлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас хууль хэрэглээний явцад гарсан саналыг нэгтгэж, хэлэлцэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг аймаг дахь Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран зохион байгуулж явуулав.
Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий бүх байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан ба аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүхч С.Өмирбек, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх нар Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын талаар ойлголт өгч мэдээлэл хийв. Сургалт, хэлэлцүүлгээр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз, аймгийн Цагдаагийн газрын НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаяр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Банзрагч нар илтгэл тавьж, сургалт явуулав. Оролцогчид зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар асуулт асууж, санал бодлоо хуваалцаж, нэгдсэн ойлголтонд хүрсэн их ач холбогдолтой, цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба