Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын “Нээлттэй дэлхий” манлайллын төв хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 29-ны өдрийн хооронд 5 прокурорыг Америкийн Нэгдсэн Улсад мэргэжлийн хөтөлбөрт хамруулна.
Хөтөлбөрт хамрагдвал зохих оролцогч нь мэргэжлээрээ өсөн дээшилж байгаа, 40 хүртэлх насны, урьд өмнө Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байгаагүй прокурор байна. Англи хэлний мэдлэгийн шалгуур тавигдахгүй болно. Хөтөлбөрт оролцохоор сонгогдсон хүмүүс АНУ-д зорчих хоёр талын болон хот хооронд зорчих онгоцны зардлыг өөрсдөө хариуцна. “Нээлттэй дэлхий” хөтөлбөрөөс АНУ-д байх хугацааны байр, унаа, хоол, орчуулга зэрэг бусад зардлыг санхүүжүүлнэ. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан хүмүүсээс 5 прокурорыг сонгох ба сонгон шалгаруулалтад дээрх шаардлагаас гадна хөтөлбөрт хамрагдах зорилго болон ажил, мэргэжлийн хувьд тулгамдаж байгаа асуудлын талаар хүсэл, сонирхлоо илэрхийлсэн байдлыг харгалзан үзнэ. Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой прокурорууд хавсралтаар хүргүүлж байгаа бүртгэлийн маягтын 3-11 дүгээр хуудсыг монгол хэлээр, толгой үсгээр бөглөж Word форматаар ирүүлэх ба маягтын сүүлийн 2 хуудсыг хэвлэн гарын үсэг зурж, сканердсан хувийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ үү. Дээрх хөтөлбөрт хамрагдахыг хүссэн прокурор нь прокуророор 5-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа хүн байх ба бүртгэлийн маягтаа дээд шатны прокурорын албан бичгээр ирүүлнэ.
Маягтыг бүх нэгжүүдэд цахимаар хүргүүлсэн болно.
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба