Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтран ажиллах “Санамж” бичгийн дагуу тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын /дотор, гадна/ орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй эсэх, эрүүл ахуйн нөхцөл, стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд шалгав.
Шалгалтанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 20, 38 дугаар сургууль, хувийн “Монгени”, “Янзагахан Ану”, “Саруул Өргөө” цэцэрлэг, сургуулиудын цайны газар болон тэдгээрийн гадна орчинд хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа хүн, хуулийн этгээдийг хамруулсан байна. Шалгалтанд хамрагдсан газруудад Эрүүл мэндийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай тушаалаар сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон мөхөөлдөс, байгалийн бус гаралтай ундаа, жүүс зэргийг худалдан борлуулж байсан, хэрэглэж байгаа аяга, таваг нь хүнсний зориулалтын чанар аюулгүй байдлын баталгаажилтад хамрагдсан шинжилгээний дүнгүй, хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний технологи үйл ажиллагаа эрүүл ахуйн дадал, стандартуудын шаардлага хангаагүй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадлыг хэвшүүлсэн бүртгэл хөтлөөгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хялбаршуулсан журмаар явуулж, хүн, хуулийн этгээдэд торгууль оногдуулж, сургуулийн гадна орчинд ажиллаж буй хүнсний 3 мухлагт худалдаалж байсан түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүрт хадгалахгүй ил задгай тавьсан, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго шаардлага хангаагүй 18 ширхэг кимбаб, 12 ширхэг Наполеон торт, 54 ширхэг цэлцэгнүүрэн чихрийг газар дээр нь устгалын акт үйлдэж, устгах арга хэмжээ авсан байна. Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн цайны газар нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай тушаал болон нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт шаардлагыг бүрэн ханган ажиллаж байгааг бусад сургууль, цэцэрлэгт түгээн дэлгэрүүлэх, жишиг болгож ажиллуулах талаарх албан бичгийг тус Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалд хүргүүллээ. Дүүргийн прокурорын газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан шалгалтаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл бүхий нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэн, эрх бүхий албан тушаалтан шалгагдсан хүн, хуулийн этгээдэд зөрчлийг арилгах “Албан даалгавар” хүргүүлж, прокурор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар мэдэгдэл бичиж, ажиллалаа. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба