Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдсон, хохирсон талаар судалгааг 2018 оны байдлаар хийжээ. Судалгааны дүнгээс үзхэд сумдын сургуулийн дотуур байрны сурагч гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн хохирогч болсон, амиа хорлосон, өсвөр насны хүн сургуулийн дотуур байранд байхдаа жирэмсэлсэн, үр хөндүүлсэн тохиолдол нилээдгүй гарсан байна. Иймд тус прокурорын газраас насанд хүрээгүй хүн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль хяналт, төр захиргааны байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулж тус аймгийн нийт сумдын сургуулийн дотуур байрны багш, жижүүр, нийгмийн ажилтан болох 95 хүнийг хамруулан “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганбаатар судалгааны дүнг танилцуулж, хүүхдийн эрхэд хамаарах Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн зохицуулалт, сурган хүмүүжүүлэгчийн хүлээх хариуцлагын талаар яриа, таниулга хийжээ. Мөн Цагдаагийн газрын гэр бүл хүүхдийн ахлах мэргэжилтэн, аймгийн хууль зүйн хэлтсийн дарга, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын хүүхэд өсвөр үе залуучуудын тусламж хариуцсан мэргэжилтэн, Боловсрол соёл урлагын газрын дарга, нэгдсэн эмнэлэгийн орлогч дарга нар өсвөр үеийхний сэтгэл зүйн онцлог, эрсдэлт зан үйлүүд, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, дотуур байрны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр нийт 8 цагын сургалт зохион байгуулсан байна. Говь-Алтай аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба