Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн “Мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2018 оны сүүлийн хагас жилийн байдлаар судалсан байна. 2018 оны сүүлийн хагас жилд тус прокурорын газарт мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй нийт 96 гомдол мэдээллээс 42 гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн нээж, дугаар олгосон байх бөгөөд 2017 оны сүүлийн хагас жилийн байдалтай харьцуулахад 7 хэргээр буюу 20 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байна. Мал хулгайлах 19 гэмт хэрэгт 21 хүнд холбогдож 215 бог буюу 197 тооны хонь, 17 тооны ямаа, 144 бод буюу 110 тооны адуу, 34 тооны үхэр хулгайлж бусдад 162,090,000 төгрөгийн хохирол учируулсан байна. Хэргийн шийдвэрлэлтийн байдлаар үзвэл мөн хугацаанд хэрэг бүртгэлт явуулсан 42 хэргээс 4 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба ажиллагаанд 22 хэргийн үлдэгдэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 19 хэргээс 7 хэргийг нэгтгэж, 14 хүнд холбогдох 10 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхээр шийдвэрлэсэн 10 хэрэгт 18,700,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд болон прокурор, шүүхийн шатанд төлүүлсэн байна.
Шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлахад 10 хэргийн 14 шүүгдэгчээс 6 шүүгдэгчид 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 1 шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж, 5 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэг талаас мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн бүгд буюу 21 хүн мэргэжилгүй, дийлэнх нь буюу 12 хүн тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэд байх ба мөнгө олох, амьжиргаагаа залгуулах зорилгоор бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд яллагдагч нарын дийлэнх нь урьд нь хулгайлах гэмт хэрэгт 1-5 удаа ял шийтгэгдэж байсан нь мал хулгайлах нь зарим этгээдүүдийн хувьд амьдралын хэвшил, амьдрах арга хэрэгсэл болсон гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ялын бодлого хөнгөдсөн бөгөөд энэ нь уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоо олгож байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн орон нутаг, сумдын удирдах байгууллагын зүгээс харъяалах нутаг дэвсгэрийн хүрээнд мал маллан амьдардаг ард иргэдэд холбогдох хууль тогтоомжийг мэдээллэх, сурталчлан таниулах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдүүдийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах ажлыг шаардлагатай хэмжээнд зохион байгуулах ажил хангалтгүй байгаа байдал, мөн нөгөө талаас нутгийн малчид өөрийн өмчлөл, эзэмшлийн малаа бэлчээрт хариулгагүй, олон хоног, удаан хугацаагаар орхидог зэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг буурахгүй өсөх хандлагатай байгаагийн шалтгаан нөхцөл болсон байна.Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба