Прокурорын тухай хуульд “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах мэдэгдэл бичнэ” гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газраас 2019 оны эхний улирлын байдлаар холбогдох газруудад 18 мэдэгдэл хүргүүлжээ.
Үүнээс агаарын бохирдол, хог хаягдлын талаар Зөрчлийн тухай хууль зөрчсөн 2, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар 4, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 7, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт 1 мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар бичсэн прокурорын мэдэгдлийн мөрөөр байгууллага, аж ахуйн нэгж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас уг ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг, авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн болон бусад байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулах, албан хаагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дотооддоо шалгалт хийж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, орон байрны харуул, хамгаалалт, тоног төхөөрөмж, техникийн бүрэн бүтэн байдлыг шинэчлэн, засвар, үйлчилгээг хийлгэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан талаар хариуг ирүүлжээ.
Мөн дээрх ажлын хүрээнд прокуроруудаас 2019 оны 03 дугаар сард Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулагддаг сургалтанд “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь“ сэдвээр 600 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороо, Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гааль, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газар, Авто тээврийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг 17 байгууллагын 520 орчим улсын байцаагч нарт Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, ШУТИС-ын Геологи, Уул уурхайн сургуулийн 250 гаруй оюутан, сурагчдад “Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, яриа таниулгыг амжилттай зохион байгуулж ажилласан байна.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба