Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өдөр тутамд хийж гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газар, цэргийн штаб, хилийн 0132, 0275, 0306 дугаар анги, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын Зүүн бүс дэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Монгол банк, Тагнуулын газар, Дорнод аймаг дахь Тусгай хамгаалалтын газрын захиргаа, Буйр нуур-Мэнэнгийн сав газрын тусгай хамгаалалтын газар зэрэг хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 19 байгууллагын нийт 83 албан тушаалтнууд оролцсон байна.
Зөвлөгөөнөөр аймгийн ерөнхий прокурор орлогч Б.Арсланбаатар Прокурорын байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр 2019 онд дэвшүүлсэн зорилт, хяналтын ажлын чанар үр дүнгийн талаар, хяналтын прокурор Т.Батжаргал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр аймгийн прокурорын газраас 2019 оны 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор А.Алтангэрэл зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын талаар тус тус мэдээлэл хийсэн бол аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдал, эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн гомдол, мэдээлэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар товч мэдээлэл, зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх саналаа танилцуулж оролцов. Зөвлөгөөнөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, зөрчлийн гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэргийг хянаж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашид байгууллага тус бүр прокурорын газартай хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Улсын Ерөнхий прокурорын газар болон бусад байгууллагуудын удирдах дээд шатны байгууллагуудаас хяналтын ажлын чиглэлээр ирүүлсэн ажлыг чиглэлийг цаг тухай бүр нь харилцан солилцож ажиллах замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх нэгдсэн шийдвэрт хүрч, хууль тогтоомж, ажлын чиглэлийг өдөр тумын үйл ажиллагаандаа нэг мөр ойлгож, хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба