НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРУУДАД СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРУУДАД СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас 2019 оны I улиралд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд /Залилах/ зааснаар зүйлчлэн шалгагдсан хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хаасан прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэл”-ийг зарим дүүргийн прокурорын газруудад шалгажээ.Шалгалтын дүнгээс үзэхэд, зөрчил гаргасан прокуроруудын 60-аас дээш хувийг шинэ залуу прокурорууд эзэлж, залилах гэмт хэрэг, иргэний эрх зүйн маргааныг ялгаж салгалгүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, гэрээний аргаар залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаан хэмээн өрөөсгөл дүгнэлт хийн шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн явцад хяналтыг зохих ёсоор тавьж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Иймд дээрх шалгалтын мөрөөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд саналд тавин, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн тухай ойлголт, түүнийг иргэний эрх зүйн харилцаанаас хэрхэн ялгах, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр Нийслэлийн дүүргийн прокурорын газруудад прокуророор томилогдон, 2 жил хүртэл хугацаагаар ажиллаж байгаа нийт 32 прокурорыг оролцуулан 3 цагийн хамтарсан сургалт зохион байгуулжээ.Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Б.Өнөрмаа дээрх сэдвээр сургалтыг явуулж, энэ төрлийн гэмт хэргийг практикт шалгаж шийдвэрлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, иргэний эрх зүйн харилцаанаас хэрхэн ялгах, хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлт үйлдэхэд нотлох баримтыг хэрхэн үнэлэх, энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн практикийн талаар прокуроруудтай санал солилцон, анхаарах асуудлуудаар зөвлөгөө өгсөн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.