Байгаль орчин, түүний баялагт хандах хүний хандлага, хэрэглээ нь байгаль орчныг доройтуулан, ан амьтны тоо, толгойг цөөрүүлж, экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа энэ цаг үед “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах” асуудал нэн чухал, тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 15-наас орон даяар зохион байгуулж буй “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сард Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн прокурорын газрууд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагуудыг хамруулсан урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулан, үр дүнг нэгтгэлээ.
Энэ ажлын хүрээнд амьтны түүхий эд ашиглан бэлэг, дурсгалын зүйл хийж худалдаалдаг 34 хүн, хуулийн этгээд, дэлгүүр, зах худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, нэн ховор, ховор амьтдын эд эрхтэн, тэдгээрээр бэлэг дурсгалын зүйл хийн худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, иргэд, байгууллагын “Амьтны тухай хууль” зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Дээрх урьдчилан сэргийлэх ажил нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгт үр нөлөө үзүүлсэн ач холбогдолтой ажил боллоо.Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба