ТӨВ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТО ЗАМД ГАРСАН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖЭЭ.

A- A A+
ТӨВ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТО ЗАМД  ГАРСАН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖЭЭ.

Төв аймгийн Прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт 2015 оноос 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг дэлгэрэнгүй байдлаар судалжээ.

Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг авто замд гарсан 408 гэмт хэргийн улмаас 449 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндэд нь хохирол учирч,  207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд 2,491,179,809 төгрөгний хор уршиг, хохирол  учирчээ.

Гэмт хэрэг гарсан сумдаар нь авч үзвэл Сэргэлэн суманд 62,  Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45,  Аргалант суманд 39, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24 гэмт хэрэг гарсан бол 333 буюу 81.6% нь өдрийн цагаар, 75 буюу 18.4% нь шөнийн цагаар гарчээ.

Нийт гэмт хэргийн 17.4 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн бол тээврийн хэрэгслүүдийг судалж үзэхэд  Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл 107 буюу 20.2 хувийг эзэлсэн байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан зам буюу “хар цэг”-ийг судлахад Сэргэлэн сумын  Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6, Борнуур сумын Урьхан гэх газар 7, Тайсын хөтөл гэх газар 11, Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7,  Галзуу харын худаг гэх газар 6, Лүн сумын  Цагаан хөтөл гэх газар 5  зам тээврийн осол гарчээ.

Дээрхи судалгааны дүнг үндэслэн тус аймгийн Прокурорын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Аймгийн Засаг даргад танилцуулга хүргүүлэх, мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтарсан шалгалт хийх, зөвлөгөөн зохион байгуулах, замын анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, шинээр хийх,  цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын суурин цэг, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах,  цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. 

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР