АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН  БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлаж, бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө хамтарч, нэгнээ дэмжин ажиллах хүрээнд Прокурорын байгууллагаас энэ оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриан дор “Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн Прокурорын газраас дээрх зорилтын хүрээнд зөвхөн авлигын гэмт хэргүүдийг шалгуулж шийдвэрлэхээс гадна энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажилд ач холбогдол өгч, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төвд прокуророос сургалт явуулах хуваарийг гарган, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжуудыг таниулан сурталчлахад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Тус газрын прокурорууд 2019 он гарснаас хойш Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын нийт 470 орчим албан хаагчдад “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, яриа таниулгыг хийж, “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа, Хар тамхины эсрэг, Эрүүл аюулгүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай сурталчилгааны материалыг тараан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР