Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс дүүргийн прокурорын газруудын тус хяналтын ажил хариуцсан прокурорууд болон Хорих ангийн дарга нар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Найгалдорж, Т.Амарзаяа нар оролцож, ерөнхий газраас баримталж буй бодлого, чиглэл, хууль хэрэглээнд анхаарах асуудал болон “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын талаар” мэдээлэл хийжээ.
Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” 06 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хорих анги, баривчлах, саатуулах байранд хоригдол, хоригдогсдын эрхийг зөрчих, эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байхад онцгой анхаарч, хорих байгууллагын удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатайг онцолж анхааруулсан байна.
Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран зохион байгуулсан “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж эрэн сурвалжлагдаж буй ялтныг олж тогтоох, ял эдлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх” сэдэвт 2 сарын нэгдсэн арга хэмжээний дүнг танилцуулж, аяны хугацаанд идэвхи санаачлагатай ажилласан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Төмөрчөдөр, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чойжилсүрэн, Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Энхбаяр нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулжээ.
Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Ганчимэг, Баянзүрх дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Цэдэнбалжир нар шагнагдсан байна.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба