МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙСАН ТҮҮХ

A- A A+
МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙСАН ТҮҮХ

ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан манай улсад Цэргийн прокурорын газар байгуулагдан ажиллаж байсан түүхэн замналаас бэлтгэн хүргэж байна. Монгол Улсад Цэргийн прокурорын газар, Хязгаарын ба дотоодын цэргийн прокурорын газар, Барилгын цэргийн прокурорын газар ажиллаж байсан түүхтэй.

Цэргийн прокурорын газар

Монгол Улсад Цэргийн прокурорын газар байгуулагдан ажиллаж байсан түүх 1930 оноос эхлэлтэй. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Цэргийн шүүн таслах газар, Цэргийн прокурорын тухай дүрмийг баталснаар Улаан цэргийн прокурорын газрын Цэргийн шүүхэд харьяалуулан байгуулсан.

Цэргийн прокурорын дүрэмд Улсын батлан хамгаалах явдлыг бэхжүүлэхэд цэргийн прокурорын хувьсгалт хууль ёсны биелэлтэд хяналт тавих хяналтыг ерөнхий хяналт, мөрдөн байцаалтанд тавих хяналт, шүүхийн хяналт, засан сайжруулах хяналт гэсэн үндсэн чиглэлтэй байхаар заажээ.

Цэргийн прокурорын газрын анхны прокуророор В.Содном-Иш, байцаагчаар Балдан, нарийн бичгийн даргаар н.Эрдэнэ нарыг томилон ажиллуулж байсан байна.

1931-1932 онд Шүүх яамны орлогч сайд нь Цэргийн прокурорын үүргийг хавсран гүйцэтгэж байлаа.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, сайд нарын зөвлөлийн 1939 оны 4 дүгээр хурлаар Улаан цэргийн прокурорын газрыг харьяа шүүхээс нь тусгаарлан байгуулжээ.  

Цэргийн прокурорыг дөрвөн жилийн хугацаатай томилох, мөн шилжүүлэх ажлаас халах явдлыг гагцхүү Улсын ерөнхий прокуророос гүйцэтгэж байв.

1940-1960 онуудад Улсын прокурорын харьяанд Улаанбаатар хот, 16 аймаг, Ардын цэрэг, Дотоод яамны хязгаарын цэргийн прокурорууд тэдгээрийн мөрдөн байцаагч нар ажилладаг байжээ.

1944 онд БНМАУ-ын Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Бүх цэргийн прокурорыг БНМАУ-ын прокурорын орлогчийн эрх, үүрэгтэй болгожээ.

1958 онд аймаг, хот, Ардын цэрэг,төмөр зам зэрэг 21 прокурорын газар Улсын прокурорын харьяанд ажиллаж байв.

Цэргийн ерөнхий прокурорт ерөнхий хяналтын тасаг ажиллаж, цэргийн анги, салбаруудад хууль тогтоомжийн хэрэгжилт, Батлан хамгаалах яамны сайдын тушаал, заавар хэрхэн биелэгдэж байгаад хяналт тавихын зэрэгцээ цэргийн сахилга бат, ахуй хангамж, өмч хөрөнгө, байлдааны зэвсэг, техник, галт хэрэгслийн зарцуулалт, хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, засч залруулах талаар тодорхой ажлуудыг зохиолгож байлаа.

Цэргийн ерөнхий прокурорын газар нь 1993 онд татан буугдах хүртлээ төр засаг, армийн командлалаас тавьсан үүрэг, зорилтыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн түүхэн замналтай юм.

Хязгаарын ба Дотоодын цэргийн прокурорын газар

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хязгаарын цэргийн прокурорыг Дотоод яамны мөрдөн байцаалт хариуцсан Улсын прокурорын орлогч хавсран ажиллаж байжээ.

1941 онд Улсын прокурорын 28 дугаар тушаалаар Дотоод яамны Дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын дэргэд Хязгаарын прокурорын газар байгуулж, хууль сахиулагч прокуророор н.Дугарыг анх томилж байжээ.

1953 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлигаар Хязгаарын цэргийн прокурорыг татан буулгаж, үүрэгт ажлыг Цэргийн прокурорт хавсарган гүйцэтгүүлсэн боловч 1972 оны МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны 96 дугаар тогтоолоор Хязгаарын ба дотоодын цэргийн прокурорын газрыг дахин байгуулсан байна.

1988 онд Хязгаарын ба дотоодын цэргийн прокурорын газрыг Улаанбаатар гарнизоны прокурорын газар болгож, 1990 онд татан буулгаж, Цэргийн прокурорын газартай нэгтгэжээ.

Барилгын цэргийн прокурорын газар

Монгол Улсад зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулж байсан 1970-аад оны үед Барилгын цэргийн орон тоо, хүн хүч нэмэгдсэн учир харьяалсан прокурорын байгууллагыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч, Барилгын цэргийн прокурорын газар байгуулагдсан байна.

1977-1986 онд Ш.Гомбосүрэн Цэргийн ерөнхий прокурорын орлогч, Барилгын цэргийн прокуророор /цэргийн хурандаа/ ажиллаж байхад туслах прокурор М.Шагдарсүрэн, мөрдөн байцаагч Х.Нямдорж, Т.Костёр, нарийн бичгийн даргаар П.Төмөрбат нар хамтран зүтгэж байжээ.