Монголын Прокуроруудын холбоо, АНУ-ын Ерөнхий прокуроруудын Үндэсний холбоо (NAAG)-ны дэргэдэх Сургалт, судалгааны институт (NAGTRI)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 05-наас 14-ний хооронд “Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх прокурорын болон урьдчилан сэргийлэх стратеги” сэдвээр АНУ-ын Вашингтон, Нью-Иорк хотноо зохион байгуулагдах олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт хүлээн авч эхэллээ.
Нийт 10 өдөр (2 өдөр нь ирж, очих аяллын өдрүүд)-ийн тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд ирэх очих унаа, зочид буудал, хоолны бүх зардлыг АНУ-ын Ерөнхий прокуроруудын Үндэсний холбоо (NAAG)-ны “Mission Foundation” сан болон бусад эх үүсвэрээс хариуцна.
-Хөтөлбөрийн хамрах хүрээ: Жил бүр NAGTRI-ийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн тэргүүний манлайлагч прокуроруудад зориулж харилцан бие биенээсээ суралцах, туршлага солилцох, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын сүлжээг бий болгох зорилготой.
Энэ хөтөлбөрт оролцогчид нь холбогдох баримт бичиг, материал, лекц зэрэгтэй бүрэн танилцах, шахуу хугацаанд бүлгийн судалгаа хийх, төсөл бичих зэргээр оролцох иж бүрэн хөтөлбөр юм. Сонгогдсон оролцогчид Нью Йорк хотод нэр хүндтэй зөвлөлийн өмнө өөр өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж илтгэл тавьдаг. 2020 оны хөтөлбөрийн сэдэв бол “Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Прокурорын болон урьдчилан сэргийлэх стратеги” гэсэн сэдэвтэй.
Хөтөлбөрт хамрагдах прокурор нь Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, хөтөлбөрт нэрээ дэвшүүлэх зөвшөөрлийг дээд шатны прокуророос авсан байна. Хөтөлбөрт оролцохын тулд уг хөтөлбөрийн сэдэвтэй холбогдох чиглэлээр заавал тэргүүлэх, шилдэг ажилтан байхыг шаардахгүй, мөн мэргэжлийн үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын хүрээнд заавал туршлагатай байхыг шаардахгүй.
Харин асуудалд шинэ, өвөрмөц байдлаар хандах, дүн шинжилгээ хийхэд түлхэц өгөх, хувь нэмрээ оруулах үүргийг хөтөлбөрт хамрагдаж байгаа хүн хүлээнэ. Оролцогчид энэхүү сэдвээр холбогдох асуудлыг хэлэлцэн багаар ажиллаж нийтлэл бэлтгэх ба үүнийг NAGTRI-ийн хэвлэлд нийтлэх болно.
Оролцогчдод Вашингтон Д.С-д байгаа Холбооны шүүх, хууль тогтоох, хууль сахиулах салбарын тэргүүлэх ажилтнуудтай болон муж улсын хууль сахиулах албан хаагчидтай уулзах боломжийг олгоно. Үүнээс гадна оролцогчид Вашингтон, Д.С, Нью-Йорк хотод соёлын арга хэмжээнд оролцоно.
-Хэзээ: Оролцогчид 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Вашингтон, Д.С хотод хүрэлцэн ирнэ. Хөтөлбөр 2020 оны 6 дугаар сарын 14-ний Ням гаригт Нью Йорк хотод өндөрлөнө.
Хүсэлтийг илгээхдээ доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Тэтгэлэг хүсэх анкет /Энэ хэсэгт байгаа “Superviser” гэдэгт Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийг ойлгох тул доорхи 2 материалыг бүрдүүлж, тус хэлтэст ирүүлж, зөвшөөрөл авсны дараа анкетыг онлайнаар бөглөхийг анхаарах/.
NAGTRI-аас батлагдсан процессын дагуу уг хөтөлбөрт оролцуулахаар нэр дэвшиж байгаа прокурорыг дэмжиж байгаа, эсхүл татгалзаж байгаа алин болох талаар хариуг тус хэлтсээс NAGTRI-д тусад нь өгөх бөгөөд энэ үе шатыг алгассан бол автоматаар хүсэлтийг цуцална. Мөн нэр дэвших хүн нь 1-ээс дээш байгаа тохиолдолд тус прокурорын газар нь нэр дэвшигчдийг хүлээн авах боломжтойгоос нь эхлэн дугаарлана.
2. Хүсэлт гаргагчийн хуулийн салбарт ажилласан туршлага, түүхийг илэрхийлсэн товч намтар, түүх
3. Хувийн тодорхойлолт (350, түүнээс доош үгтэй). Дараах мэдээлэл багтсан байна. Үүнд: хөтөлбөрт оролцох хүсэл, сонирхлоо илэрхийлэх, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлийн холбогдолтой асуудал, хэргүүдэд таны үйл ажиллагаа, мэргэжлийн үүрэг, хөтөлбөрөөс хүсэн хүлээж байгаа зүйл, хөтөлбөрийн хугацаанд эзэмшсэн зүйлсээ мэргэжлийн хүрээнд хэрхэн ашиглах, хэрэгжүүлэх тухай, таны эзэмшсэн дадлага туршлага нь хөтөлбөрт хэрхэн нөлөөлөх тухай.
2020 оны 1 дүгээр сар гэхэд NAGTRI–ийн зүгээс Хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон прокурорын нэр, бусад нэмэлт мэдээллийг тус прокурорын газраар дамжуулан и-мэйлээр мэдэгдэнэ. Зөвшөөрөгдсөн оролцогчид хөтөлбөрийн төлөвлөсөн үйл ажиллагаануудад бүрэн оролцох үүрэгтэй. Үйл ажиллагааны зохион байгуулалт, тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг сонгогдсон оролцогчдод илгээнэ. Хүсэлт гаргагчид хөтөлбөрт сонгогдох хүртэл ямар нэгэн урт хугацааны аялал төлөвлөхгүй байх, виз мэдүүлэхгүй байх хэрэгтэй.
Хөтөлбөрт нэр дэвшүүлсэн хүний материалыг АНУ-д онлайнаар хүлээн авах сүүлийн өдөр нь АНУ-ын цагаар 2019 оны 11 дүгээр сарын 25, Даваа гараг, 17.30 минут байх тул уг хөтөлбөрт илгээх намтар болон эссэг англи хэл дээр бэлтгэн, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст 2019 оны 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагт багтаан албан бичгээр болон файлаар тус хэлтсийн intcd@prokuror.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь цахим хуудаснаас үзнэ үү.
https://www.naag.org/nagtri/centers/center-for-international-partnerships-and-strategic-collaboration/international-fellows-program/international-fellows-program-2020.php
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба