Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн газар хамтран Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тушаалаар батлагдсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг, ахлах прокурор Тү.Мөнхжаргал, Н.Бадамцэцэг, Б.Насанжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, тус цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар, 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар нар болон прокурор, мөрдөгч нар оролцсон байна.
Хамтарсан зөвлөгөөний үеэр прокурорууд “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүн, цаашид анхаарах асуудал”, “Мөрдөгч нараас гаргаж буй нийтлэг зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Шүүхээс буцсан хэргийн үндэслэл” зэрэг сэдвээр мэдээлэл хийжээ.
Мөн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, хугацаа сунган шалгаж буй мөрдөн байцаалтын хэргийг шуурхай шийдвэрлэх, олон үйлдэлтэй, ээдрээ төвөгтэй хэргээс бусад хэрэгт хугацаа сунгахгүй байх, түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэх арга хэмжээ авах, шүүхэд шилжүүлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хугацаанд хүчинтэйд тооцуулж байх, хамтарсан практик сургалт зохион байгуулах гэсэн шийдвэрүүдийг гаргаж, мөрдөж ажиллахаар болсон байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба