ӨНӨӨДӨР "АРХИВЧДЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

A- A A+
ӨНӨӨДӨР

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрийг “Архивчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улсад Архивын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын үйл ажиллагааг сурвалжиллаа.

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хэргийн материалыг төвлөрүүлэн хүлээн авч архив арга зүйн дагуу хадгалж, ашиглуулах чиг үүрэг бүхий Эрүүгийн хэргийн төв архив Улсын Ерөнхий Прокурорын газрын зохион байгуулалтын бүтцэд  багтан үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Чимгээ:

Эрүүгийн хэргийн төв архив нь Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэхээр хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн баримт, Улсын Ерөнхий прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал, тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримт, аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн онц хүнд хэргүүд, нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хөнгөн, хүндэвтэр, хүнд төрлийн эрүүгийн хэрэг, албан хэрэг хөтлөлтийн баримтуудыг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч, тоо бүртгэлжүүлэн, архивжуулан хадгалах чиг үүрэгтэй. Архивын дээрх баримтуудаас хуулийн байгууллага, иргэд, өмгөөлөгчдийн хүсэлт, албан бичгийг үндэслэн  хуулбар, лавлагаа гаргаж өгдөг. Мөн прокурорын байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хэргийн төв архивт 103460 хадгаламжийн нэгж /хэрэг/, салбар архивуудад 636176 хэрэг, материалууд болон тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримтууд хадгалагдаж байна. Улсын Ерөнхий Прокурорын газарт Эрүүгийн хэргийн төрөлжсөн төв архив, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэргийн салбар архив ажиллаж байна.

2019 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг” /ТИКА/-ийн санхүүжилтээр тус архивт “Архивын шүүгээ нийлүүлэх төсөл” хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд нийт 400 ширхэг зориулалтын шүүгээнүүдийг суурилуулж архивын сан хөмрөгийн багтаамж, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөл сайжирч, архивын үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрджээ.

Эрүүгийн хэргийн төв болон салбар архив нийт 37 ажилтантай. Архивчид өөрсдийн ажлын онцлог болон үйл ажиллагааныхаа талаар ийнхүү ярьж байна.

 

 

Сан хөмрөгч Э.Майцэцэг:

Би архивч мэргэжилтэй. Архивчаар дагнан мэргэжилтэн бэлтгэдэг “Тэнгэр” их сургуулийг 2008 онд төгссөн. Эрүүгийн хэргийн төв архивт 11 дэх жилдээ сан хөмрөгчөөр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг бол тус архивын хадгалалт хамгаалалт болон архивын баримтын тоо бүртгэлийн баримт бичгүүдийг үнэн зөв хөтлөх, тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих юм.

Эрүүгийн хэргийн төв архив нь анх 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээс 694 хадгаламжийн нэгжийг хүлээн авч сан хөмрөг үүсгэн нөхөн бүрдүүлж эхэлсэн түүхтэй. Одоо Эрүүгийн хэргийн төв архивт Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, дүүрэг, сум, сум дундын шүүхийн нийт 66 хөмрөг үүсгэгч байгууллагын 1961-2018 оны 101390  хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Жил бүр 5000-6000 хадгаламжийн нэгжээр сан хөмрөгөө нөхөн бүрдүүлж, баяжилт хийдэг.

Мөн манай архивт хадгалагдаж байгаа баримтын 95% нь цаасан суурьтай баримт байдаг бол бусад нь эд мөрийн баримтууд болох хэргийг дагалдаж ирсэн кассет, хуурцаг, СD, DVD, тэмдэглэлийн дэвтэр, сонин сэтгүүл, барилгын зураг, төсөл, фото зурагнууд гэх зэрэг маш олон төрлийн баримтууд хадгалагдаж байдаг. Тэдгээрээс онцлох сонин содон баримтуудыг дурьдвал 1994 оны хэргийн эд мөрийн баримт болон үлдсэн шоколад, үзэг, нүдний шил, тухайн хэргийн хохирогчийн хэрэглэж байсан савтай үзэг, бал гээд олон зүйл бий. Мөн онгоцны хар хайрцаг ч хадгалагддаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрийн хүрээнд “Цаасан суурьтай баримтын 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ” гэсэн бодлогын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын 2016 оны А/29 дугаар тушаалын дагуу тус архив нь цахим хэлбэрт шилжүүлсэн баримтын мэдээг сар бүр гаргаж нэгтгэн, явц байдалтай танилцаж байна. 2019 оны эхний хагас жилд салбар архивууд 137545 нүүр буюу 631 хадгаламжийн нэгжийг скайнердаж, мастер хувь үүсгэжээ.

Архивч-операторч А.Нямцэцэг:

Эрүүгийн хэргийн салбар архивууд 2019 оны долоодугаар сараас шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Өдөрт 600-650 нүүр материал скайнардаж нэгдсэн серверт оруулах ёстой байдаг. Зарим архивын материалууд ихээхэн гэмтсэн байдаг болохоор гаргац муу байх хүндрэл бэрхшээлүүд гардаг. Өнөөдрийн байдлаар би 1994 оны Хөвсгөл аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг цахим хэлбэрт оруулж байна. Эрүүгийн хэргийн төв архив нь 1993-2017 онуудад дүүргүүдийн шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргүүдийн шийтгэх тогтоолууд болон 2002-2016 оны давж заалдах шатны шүүхийн магадлалууд зэрэг нийт хадгалагдаж байгаа хэргүүдийн 85 хувийх нь шийдвэрүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж дууссан. Ийнхүү цахим хэлбэрт оруулснаар хуулийн байгууллага, иргэд өмгөөлөгчдөд үзүүлэх үйлчилгээ хурдан шуурхай болж, хэргийн шийдвэр авах тухай албан бичгийг ажлын 1 өдөрт шийдвэрлэх боломжтой болсон.

Архивч-операторч Д.Мөнххишиг:

Архивчаар ажиллаад 6 жил болж байна. Манайх 2019 онд уйгаржин монгол бичгээр бичигдсэн материалыг архивлах ажлыг эхлүүлсэн. 1927-1960 оны шүүхийн архиваас шилжүүлэн авсан уйгаржин монгол бичгээр бичигдсэн хэргүүдийг Эрүүгийн хэргийн төв архивт татан авч хянан данс бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна. Би МУИС-ийн эх бичиг судлалын ангийг төгссөн учраас мэргэжлийнхээ дагуу хуучны уйгаржин монгол бичгээр бичигдсэн архивын материалыг уншиж, архивлах ажлыг хариуцан ажилладаг. Одоогийн байдлаар 1927 оноос хойших уйгаржин монгол бичгээр бичигдсэн 2700 гаруй хэргийн материалыг нэгдсэн серверт оруулах ажил хийгдэж байна. Ялангуяа 1961 оноос өмнөх хэргүүдийг унших явцад бичвэр бүдгэрсэн, арилсан, норсон хэрэг олон байдаг. Ихэнх хэргүүд гар бичмэлээр таталган бичсэн байдаг учраас уншихад их цаг хугацаа шаарддаг. Одоогоор нийт хэргүүдийг унших ажил 70 хувьтай явагдаж байна.

Шалган зааварлагч-арга зүйч Ц.Баярсайхан:

Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч Ж.Чимгээгээр ахлуулсан Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор, арга зүйч нарын бүрэлдэхүүнтэй “Арга зүйн комисс” ажилладаг. Арга зүйн комисс нь сард нэг удаа хуралдаж, салбар архивын данс бүртгэлтийн асуудлуудыг хэлэлцдэг. Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан прокурорын албан хэргийн хөтлөлтийн нэр төрөл нь өөрчлөгдөж, хуучин 300 гаруй нэр төрлийн баримт бичгийг хадгалах байсан бол нэмж 500 орчим баримтын хадгалах хугацааг шинээр батлуулсан.

Хэрэг бүртгэгч, мөрдөгч нар архивын баримттай танилцаж, үзлэг хийх тохиолдолд заавал прокурорын зөвшөөрлийг үндэслэн ашиглуулдаг. Харин иргэд, өмгөөлөгч, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг хүмүүсээс гаргасан хүсэлтийн дагуу тухайн хүнд холбогдолтой баримтыг танилцуулдаг байна.

Бичиг хэрэг-нярав С.Энхмаа:

Манай архивт шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал болон хяналтын шатны шүүх хурлын тогтоол, төлбөр төлсөн баримт, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх зэрэг баримтуудын хуулбар авах хүсэлтүүд их ирдэг.

Өдөрт дунджаар архивын баримт хуулбарлан авах тухай 40 орчим албан бичиг, хүсэлт ирдэг. Ажлын 7 хоногт 100-120 албан бичиг хүлээн авч холбогдох газруудад нь хариу хүргүүлдэг. Мөн өдөрт 2-3, долоо хоногтоо 8-10 иргэн, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч лавлагаа, хуулбар олгож байна.

Архивын тухай хуулийн 25.4-д зааснаар архиваас үзүүлэх үйлчилгээ нь төлбөртэй байдаг. Хуулийн байгууллагаас ирсэн албан бичгийн хүрээнд хэргийн шийдвэр болон хавтас хэргийн материалаас лавлагаа, хуулбар олгохдоо үнэ төлбөргүй, харин иргэд, өмгөөлөгчдийн хүсэлтээр хэргийн шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны тогтоол зэрэг эцсийн шийдвэрийн хуулбараас 2000 төгрөг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх хуудасны лавлагаа, төлбөр төлсөн баримт гэх мэт нэг утга бүхий баримтаас 1000 төгрөгний төлбөр авч үйлчилдэг.

Эрүүгийн хэргээс хувь хүний хүсэлтээр лавлагаа хуулбар олгоход зөвхөн тухайн хүнд өөрт нь хамаарах баримтын хуулбар, лавлагааг л олгодог. Түүнээс өөрт нь хамааралгүй баримтын хуулбар лавлагааг гаргаж өгөхгүй. Өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчтэй холбоотой баримтын лавлагаа хуулбарыг авах эрхтэй. Гэхдээ тухайн хүнтэй хийсэн гэрээ, итгэмжлэл зэрэг бичиг баримтыг үндэслэн холбогдох баримтыг зааварт заасны дагуу хуулбарлан олгож, лавлагаа гаргадаг. 

Архив бол тухайн улсын “уураг тархи” нь гэдэг. Эрүүгийн хэргийн төв архивын архивчид хариуцлагатай албаа нэр төртэйгээр биелүүлсээр байна.

Монгол Улсад Архивын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, Архивчдын өдрийг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн төв архив болон салбар архивын нийт ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргэе.  

                                                                                       ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА