Нийслэлийн прокурорын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүд болон Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах гэмт хэргүүдийг шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээ”-г 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулж, дүнг гаргасан байна.
Өнөөдөр /2019.12.06/ Нийслэлийн прокурорын газарт дээрх арга хэмжээний дүнг хэлэлцэж, ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж ажилласан газруудыг шагнах арга хэмжээ боллоо. “Залилах гэмт хэргүүдийг шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээ”-нд Баянгол дүүргийн прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгарсан байна.
Нийслэлийн прокурорын газрын Хяналт, шалгалт, мониторингийн хэлтсийн хяналтын прокурор Ц.Өлзийжаргал:
Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хяналтанд энэ оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3-д заасан хэрэг бүртгэлтийн 5651, мөрдөн байцаалтын 227, нийт 5878 хэрэг шалгагдаж байсан. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд шалгагдсан 5878 хэргээс 31.2 хувь буюу 1836 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн 5651 хэргээс 13 хувь буюу 735 хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоож, 463 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Аяны эхэнд байсан мөрдөн байцаалтын 227, аяны хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 463, нийт 690 хэргээс 24 хувь буюу 165 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн мөрдөн шалгахад төвөгтэй, удаашран шалгагдсан, олны анхаарал татсан нийт 376 хэргийг шийдвэрлэжээ. Тухайлбал: “Цахим хэрэгсэл ашиглаж хил дамнан бусдыг залилсан, мөнгө угаасан“ гэх ХБНУ-ын иргэнд холбогдох болон 11 мянга 300 гаруй хохирогчтой Марат Маженовд холбогдох зэрэг хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар:
Аяны үр дүнгээс харахад хэргийн илрүүлэлт өмнөх жилтэй харьцуулахад 10,2 хувиар, шийдвэрлэлт 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ер нь гадаад орны виз гаргаж өгнө гэсэн залилангийн хэрэг, хамтарч хөрөнгө оруулалт хийнэ гэсэн залилангийн хэрэг түгээмэл гарч байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэгдэж байгаа хэргүүдээс үзэхэд залилах гэмт хэрэг их, алслагдмал буюу гэр хороолол ихтэй газруудад залилах гэмт хэргийн гаралт бага байдаг.
Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Эрхэмбаяр:
Нэгдсэн арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй төлөвлөгөө гарган ажилласан. Удаан хугацаанд шалгагдаж байгаа болон гэмт хэрэгт холбогдсон хүн нь оргон зайлсан хэргүүдийг олж тогтоох ажиллагаа явуулсан. Дүүргийн хэмжээнд шалгагдаж байсан 1207 хэргийн 40 хувийг аяны хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн. Залилах гэмт хэргүүд жилээс жилд өсөж байна. Манай прокурорын газрын хяналтад 2019 онд хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн хэргүүдийн 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд мөн шалгагдаж байгаа хэргүүдээ шийдвэрлэхээс гадна энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Сүүлийн үед үйлдэгдэж буй залилангийн хэргүүд интернэт орчинд цахим хэрэгслүүдээр дамжин их үйлдэгдэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба