Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Багануур дүүргийн прокурорын газар энэ сарын 09-ний өдөр “Эрүүдэн шүүхээс ангид байх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Сургалтанд тус дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагджээ.
Дээрх сургалтыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 13 жил ажилласан ахмад хуульч Д.Оюунбат удирдан явуулсан бөгөөд Монгол Улс дахь эрүү шүүлтийн түүхэн байдал, Хүний Эрхийн Үндэсний комиссын 2018 оны тайланд тусгагдсан баримт, эрүүдэн шүүхийн талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхтэй холбоотой Олон улсын конвенц, хууль тогтоомжийн талаар ойлголт, мэдээллийг өгсөн байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба