Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор батласан “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны мэдлэг олгох” сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төв нь Шүүхийн Ерөнхий зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран улсын хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 18-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар зохион байгууллаа.
Тус сургалтыг Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Хэнтий, Орхон, Өвөрхангай, Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон дээрх аймгуудын Шүүх, Прокурор, Цагдаагийн газрууд хамтран зохион байгуулсан байна.
Сургалтад нийт 21 аймгийн 123 оролцогч буюу мөрдөгч, прокурор, шүүгч болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдыг оролцуулж, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, Хүний эрхийн болоод Олон улсын гэрээ, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ, таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэглэх нь зэрэг сэдвээр мэдлэг, ойлголт, ур чадвар олгох хичээл заасан байна.
Дөрвөн бүсийн хэмжээнд зохион байгуулсан тус сургалтанд шүүгч, прокурор, мөрдөгчдийн нийт 12 сургагч багш 2 өдрийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд 14 багц цагийн хичээл заасан бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн хяналтын прокурор, сургагч багш Г.Цогтгэрэл нар сургалтыг хамтран зохион байгуулж, сургалтанд хамрагдсан хүмүүст 2600 ширхэг сургалтын материал, гарын авлага тарааж, орон нутгийн 6 телевизэд мэдээлэл, ярилцлага өгч ажилласан байна.
СУРГАЛТЫН ТӨВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба