Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдааныг хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.
Зорилго: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд оруулах прокурорын хувь нэмэр, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, улмаар уг ажлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.
Оролцогч: Хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд.
Илтгэл ирүүлэхэд тавигдах шаардлага:
Агуулга: Прокурор төр, нийтэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх, хууль зүйн зохицуулалт, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд оруулах прокурорын хувь нэмэр, хэрэгцээ, шаардлага, уг ажлыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцдог дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, манайд хэрэгжүүлж болох сайн туршлага, цаашид энэ талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шинэлэг санаа дэвшүүлсэн байх.
Хүлээн авах хугацаа: Илтгэлийг 2020 оны 2 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд хүлээн авна.
Шалгаруулалт: Илтгэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шалгаруулж, www.prokuror.mn цахим хуудсаар эхний 3 байр эзэлсэн оролцогчдын нэрсийг зарлана. Тэргүүн байр эзэлсэн оролцогч Прокурорын байгууллагаас зохион байгуулах онол, практикийн бага хуралд оролцож илтгэл тавина. Илтгэлийн уралдаанд идэвхитэй оролцож шалгарсан, судалгааг бүрэн дүүрэн хийсэн байх нь цаашид прокурорын байгууллагад ажиллах хүсэл, эрмэлзэлтэй оролцогчид давуу тал болох боломжтой.
Шагнал:
Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 1.000.000 төгрөг;
Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 600.000 төгрөг;
Гуравдугаар байр – Өргөмжлөл, 300.000 төгрөг.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба