ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран тус аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумдад 2020 оны 1 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд ажиллаж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон ерөнхий боловсролын сургуулиудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгажээ.

Шалгалтыг Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, аймгийн Цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу явуулж, шалгалтын дүнг үндэслэн прокурорын мэдэгдэл хүргүүлснээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн төлөвлөж зохион байгуулах, үр дүнг хэрхэн тооцох талаар арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Мөн үеэр аймгийн прокурорын газраас сумдын иргэдтэй уулзалт хийж, Ховд аймгийн 2019 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар болон энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон онцлог нэмэлт өөрчлөлт, прокурорын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн бодлого зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Арга хэмжээнд нийт 750 орчим хүн хамрагдсан бөгөөд 100 гаруй хүнээс санал асуулга авч ажилласан байна. 

Түүнчлэн иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулж, Ховд аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.