Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн сургалт, мэдээлэл, судалгааны төвийн дарга А.Түвшинтулга нар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт хүрэлцэн ирж тус хүрээлэнгээс цувралаар бэлтгэн гаргаж буй “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл” 23 боть номыг бэлэглэв.
Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Сургалтын төвийн дарга, хууль зүйн ухааны доктор М.Гантулга нар оролцсон юм.
Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Прокуроруудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ хийхэд эдгээр боть номнууд ихээхэн өгөөжтэй байх болно. Ялангуяа Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэх гэж буй энэ жилд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэлийн дээж номнуудыг бэлгэлэж байгаа нь цагаа олсон явдал боллоо” гээд тус хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан өглөө.
“Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл” нь манай улсад 800 гаруй жил даган мөрдөгдөж ирсэн хууль тогтоомжуудыг нэг бүрчлэн судалж, олж цуглуулан он цагийн дараалалд оруулан эмхэтгэсэн цуврал боть юм. Хууль зүйн үндэсний хүрээлэн анх 2009 онд 16 цуврал ботийг гаргасан бол 2019 онд 17-23 дугаар ботийг эрхлэн гаргажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба