ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ СУДАЛЖЭЭ

A- A A+
ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ СУДАЛЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг 2019 оны байдлаар судалжээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газарт 2019 онд дээрх төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 77 хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 35 буюу 45,4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь 2018 онтой харьцуулахад 22,2 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг сумдаар нь авч үзвэл Хэрлэн суманд буюу Чойбалсан хотод 15, Баянтүмэн суманд 4, Цагаан-Овоо суманд 3 гарсан бол Булган, Матад, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол суманд тус бүр 2, Баян-Уул, Чулуунхороот, Хөлөнбуйр суманд түс бүр 1 гэмт хэрэг тус тус үйлдэгджээ. Үүнээс согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн 5, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн 2, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн 2, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн 3 тохиолдол гарсан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдад нийт 172.719.778 төгрөгний хохирол учирсан бол 5 хүний биед хөнгөн, 27 хүний биед хүндэвтэр хохирол учирч, 8 хүн ам насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 50 хувь нь 6 сараас 11 настай хүүхдүүд байжээ.

Шүүхээс дээрх гэмт хэргийг үйлдсэн 35 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 3 хүнд 1-2 жил хорих ял, 2 хүнд торгуулийн ял оногдуулсан бол бусад хүмүүст нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг судлахад иргэд хөдөө орон нутагт амралт зугаалгаар явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлдэггүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих нийт гэмт хэргийн ихэнх нь буюу 42,8 хувь нь Чойбалсан хотод үйлдэгдсэн байгаад анхаарал хандуулж, сум орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьчдилан сэргийлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай талаар аймгийн төв Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

 ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР