Сүүлийн үед Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байгаа бөгөөд он гарснаас хойш нийт 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалгажээ.
Шалгалтанд хамрагдсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд нь мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэлийн болон үйлдвэрийн талбайд гал түймэр унтраах багаж хэрэгсэл байрлуулаагүй, технологийн карт, бэлтгэсэн модны төрөл, тоо хэмжээний бүртгэлийг хөтөлдөггүй, ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлгүй, хяналтын камергүй, мод зүсэх тоног төхөөрөмжид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй, цахилгааны утас нь газардуулагчгүй, ойн цэвэрлэгээний ажил хийхдээ гуалин, дүнз болохоор мод сорчлон бэлтгэдэг, унанги модноос түлээний мод бэлтгэдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зарим байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, хуулийн дагуу шалгахаар болсон байна.
Мөн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг Өвтийн амны Нууцат гэх газарт нэр бүхий компани нөхөрлөл нэрийн дор Ойн ангитай гэрээ хийлгүйгээр ойн цэвэрлэгээнд гарч, хууль бусаар 4 метрийн хэмжээтэй 170 ширхэг гуалин мод бэлтгэсэн зөрчлийг газар дээр нь танилцаж, цагдаагийн байгууллагын алба хаагчдад үүрэг, чиглэл өгчээ.
Цаашид сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн ангийн инженер, мэргэжилтэн нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад анхаарч ажиллахаар болсон байна.
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба