Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн прокурорын газраас аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 12-ны өдөр Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Ойн мэргэжлийн 11 байгууллагад шалгалт хийсэн байна.
Ойн мэргэжлийн байгууллагууд нь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх аюулгүй байдлын үнэлгээ хийлгээгүй, ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, зориулалтын бусаар модыг ашигласан зэрэг зөрчил илэрчээ.
Иймд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоох арга хэмжээ авч, хуулийн дагуу шалгахаар болсон байна. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт албан бичиг хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба