Прокурорын байгууллагын прокурор, ажилтны орон сууцны хорооллын шав тавих ёслолын ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр боллоо.
Прокурорын байгууллага нь түүхт 90 жилийн ойгоо угтаж прокурор, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүсэд 600 айлын орон сууцны хороолол босгохоор төлөвлөж, прокурор, ажилтнууддаа хөнгөлөлттэй үнээр хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэхүү орон сууцны хороолол барих төсөл хөтөлбөр нь 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, авто машины нэгдсэн зогсоол, үйлчилгээний төв бүхий 16 давхар 8 блокоос бүрдэнэ. Орон сууцны хорооллын нэгдүгээр ээлжийн барилгыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар “Utam констракшн” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Барилгын шав тавих ёслолын ажиллагаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар болон хэлтэс, албадын дарга, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, тамгын хэлтсийн дарга нар оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба